“Чингис бонд”-ын хөрөнгөөс экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрийн төслийн шалгуур хангасан 123 төсөлд мэдэгдэл хүргүүлснээс 116 төсөл зээлээ авчээ.
Зээлийн дүнгээс үзвэл нийт төслийн 79.3 хувь нь хоёр тэрбум төгрөгөөс дээшгүй хэмжээний санхүүжилт авчээ. Харин үлдсэн хэсэг нь хоёр тэрбум төгрөгөөс дээш зээл авсан хэмээн Хөгжлийн банкнаас мэдэгдлээ. Одоогийн байдлаар импортыг орлох 99 төсөлд 133 тэрбум төгрөгийн зээл, экспортыг дэмжих чиглэлийн 17 төсөлд 38.5 тэрбум төгрөгийн санхүүжилтыг тус тус олгожээ. Экспортыг дэмжих чиглэлийн төслийн дийлэнх нь малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд бол хүнсний чиглэлийн дөрөв, сүлжмэлийн нэг, жимс жимсгэний гурав, модон эдлэлийн нэг төсөлд зээл олгосон байна. Харин импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төслүүдийн 30 гаруй хувь нь барилгын материалынх байгаа бол бусад нь хүнс, хөнгөн үйлдвэр, эмийн үйлдвэр болон газар тариалангийн төслүүд аж.