Ховд аймгийн Ардчилсан нам дотроо хагаралдаж, аймгийн удирдлагууд нь цахим ертөнцөөр “хэрүүлийн алим” шидэлцэж эхэллээ.
Олон угсаатны өлгий нутаг гэдгээрээ алдартай Ховд аймгийн түүхэнд өнгөрсөн орон нутгийн сонгуулиар анх удаа Ардчилсан нам ялалт байгуулан олонх болсон. Сонгуулийн үр дүнгээр аймгийн удирдлагууд, албан байгууллагын ихэнх дарга нар Ардчилсан намын тодотголтой хүмүүсээс томилгоо хийгдсэн. Аймгийн ИТХ-ын даргаар Б.Баярсайхан, түүхэн дэх 19 дэх Засаг даргаар Д.Цэвээнравдан гэх аль аль нь туршлагатай, олон жил нам төрдөө үнэнч зүтгэсэн нөхдөд Ховд аймгийн Ардчилсан намын гишүүд дэмжигчид нь итгэл хүлээлгэж аймгийн удирдлагуудын үүрэгт ажил хүлээлгэжээ. Олны яриагаар нэгдэж, төрийн ажлын уялдаа холбоогоо сайжруулж ажиллах ёстой эл 2 эрхэм гар сэтгэл нийлддэггүй бололтой. Хөшөөтийн асуудлаас эхлэн нэг биш эсрэг байр суурьтай нь мэдэгдэж зөрчилтэй нь анзаарагдаж эхэлсэн Ховд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, Засаг дарга Д.Цэвээнравдан нар саяхан цахим ертөнцөөр нэг асуудлаас болж санал зөрөлдөн өөр хоорондоо “хэрүүлийн алим” шидэлцэж эхэлжээ.
Гол асуудал нь аймгийн Ардчилсан намын хорооны гишүүдийг сонгох нөхөн сонгууль явуулахтай холбогдуулан намын дарга нь буюу аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн гаргасан хэд хэдэн шийдвэртэй холбоотой аж.
Тэрбээр улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэх хуулийн заалтыг биелүүлж багш, эмч зэрэг төрийн албан хаагчдыг намаасаа гарахыг шаардсан байна. Мөн намын үүрийн дарга нараа ажлаасаа халагдах өргөдлөө өгч байж намын хорооны гишүүнд нэр дэвших эрх авах ёстой гэсэн шийдвэр гаргажээ.
Эл шийдвэр намын нөхөр, Ховд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан тэргүүтэй хэсэг гишүүдэд таалагдаагүй бололтой. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Ингээд миний хорин хэдэн жилийн хөдөлмөр будаа болов. Монголд нэг ч эмч, нэг ч сэхээтэнгүй цоо шинэ нам анх удаа байгуулагдав. Хүн амьд явахаар их юм үзэх юм” хэмээн бичжээ. Энэ талаар олон нийт янз бүрийн ойлголт, саналтай байгаа нь сэтгэгдлүүдээс анзаарагдсан бөгөөд зарим нь эл шийдвэр зөв ч удирдах албан тушаалтнууд намаас томилогдож сонгогддог нь буруу тогтолцоо хэмээн үзсэн бол зарим нь аливаа дарангуйлал бий болохдоо сэхээтнүүдээ хэлмэгдүүлж эхэлдэг, Ховд аймагт одоо л эл хуулийг хэрэгжүүлж эхлэх гэж байгаа юм уу зэргээр санал шүүмжлэлээ өрнүүлжээ.
Энэ талаар Ардчилсан намын дарга, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан “Боловсролтой, мэдлэгтэй, туршлагатай, итгэл үнэмшилтэй, ёс суртахууны үнэт зүйлстэй, баялаг бүтээгч олон мянган хүмүүс Ардчилсан намд элсээрэй, дэмжээрэй, хамгийн сайн сонголт шүү, Харин төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс минь, Ардчилсан намын гишүүн байгаад хуулийн дагуу 2008 оноос намын гишүүнээс түтгэлзсэн 800 гаруй дэмжигчид минь ардчиллын үнэт зүйлээ, ардчилсан намын бодлого үйл ажиллагааг хуулийн хүрээнд дэмжиж хамтран ажиллаарай. Та бүхнийхээ бодол, саналыг сонсож, ардчилсан нам дэмжиж ажиллах болно…” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Юутай ч Засгийн түвшинд Ардчилсан нам дотроо хагарч Ерөнхий сайдаа огцруулахад намын журмын нөхөд нь голлох үүргийг гүйцэтгэж байсан бол орон нутагт ч мөн Ардчилсан нам энэ мэт зарчмын асуудлаа дотроо зөвлөлдөн шийдэж чадахгүй ийнхүү цахимаар хэрүүл хийхэд хүргэсэн нь хачирхалтай.
Он гаруут ирэх сонгуулийн үнэр орон нутагт хүртэл хиншүү мэт хүчээ авч байгаа ньийнхүү анзаарагдаж эхэллээ.
Г.Эрдэм