Эбола халдвараас сэргийлэх, бэлэн байдлын нөөц бүрдүүлэх, тусгаарлах эмнэлэг ажиллуулахаар өнгөрсөн онд Засгийн газрын тогтоолоор 477 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн билээ. Уг мөнгийг хэрхэн зарцуулсан, үнэхээр эболагаас сэргийлэхэд захиран зарцуулсан уу гэдэг асуудал үүсгэж байсан.
Тэгвэл уг мөнгөөр ХӨСҮТ-д иж бүрэн тоноглогдсон тусгаарлах эмнэлэг байгуулсан гэнэ. Тодруулбал, ХӨСҮТ-ийн 50 ортой тусгаарлах эмнэлгийн засвар, хийн шугамын системийг шинэчлэх ажлыг 67,4 сая төгрөгийг нь зарцуулжээ. Ингэхдээ барилгын дотор талын автомат шилэн хаалга, вакум цонх, төмөр хаалга, монитор зэрэг 60 гаруй ажлыг хийж, тоног төхөөрөмжийг суурилуулан, өрөөнүүдийг тохижуулсан. Мөн тус тасгийн хүчилтөрөгчийн хийн хангамжийн системийг шинэчлэн, хийн шугамын засварыг хийж гүйцэтгэсэн гэнэ.
Харин үлдсэн 409 сая төгрөгөөр улсын хэмжээнд тараагдах Эбола вируст халдварын үед хэрэглэх хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, халдваргүйжүүлэх бодисыг худалдан авч, холбогдох байгууллагууддаа хүлээлгэн өгөхөөр зэхжээ.
Үүнд 39 нэр төрлийн багаж, хэрэглэл авсан. Тодруулбал, шүүлтүүртэй амны хаалт, нүдний шил, нүүрний халхавч, мэс заслын маск, комбинзон, халад, хлор агуулсан бодис, монитор, соруулгын аппарат, дуслын шахуурга, яаралтай тусламжийн иж бүрдэл гэх зэрэг тус халдварын дэгдэлтийн үед хэрэглэгдэх багаж, хэрэглэл багтаж баыйгаа аж. Мөн ХӨСҮТ-ийн тусгаарлах тасагт 7 төрлийн 15 ширхэг тоног төхөөрөмжийг ч нийлүүлсэн хэмээн албаны эх сурвалж ярив.
olloo.mn