Орчин үеийн хүн бүр гэдсэндээ 8-25 кг илүүдэл өтгөн тээж явдаг нь нэгэнт нотлогдсон үнэн.
Yүний ихэнх нь бүдүүн гэдсэнд байдаг учир ийм хүн яаж нарийхан бэлхүүстэй байх билээ дээ.
Найман литрийн 3 хувингаар дүүрэн энэ их овоолгыг өчнөөн жил сараар чулуужтал нь авч явахад амьд гэдэс тэсдэг нь үнэхээр гайхалтай. Гэдэс үрэвсэтлээ нэг хэсэг, үрэвсээд нэг хэсэг, шалбараад нэг хэсэг, шархлаад нэг хэсэг л тэсэх юм даа. Овоолгыг жилээс жилд нэмж, муу орчныг нь улам дордуулах ажлыг л идэвхтэй хийхээс биш цэвэрлэх ажил хийдэггүй хүн нэг л өдөр гэдэсний хорт хавдартай болсон тухайгаа мэддэг. Тэр үед юун нарийхан бэлхүүс манатай.
Yргэлж өтгөн нь хатдаг хүн гэдсэндээ хавдар ургуулж байна гэдгээ мэдэхгүй байгаа нь харамсалтай.
Та өдөрт хэдэн удаа хүндээр бие засдаг вэ?
Хооллох хөтөлбөр хийлгэж байгаа хүн бүрээс би ингэж асуудаг. Ихэнх нь “Өдөрт хэд нь ч юу юм бэ, нэгээс хоёр хоног өнжөөд л нэг удаа” гэж, их олон хүн “тав зургаа хонож байж арайхийж нэг хүндэрдэг” гэж хариулдаг. Өтгөн хатаад арваад хонодог гэх хүн ч олон.
Ийм хүмүүс ихэвчлэн том гэдэстэй бүдүүн байдаг. Тэд бэлхүүс нь мэдэгдэхээ больсонд өтгөн хатахаас илүү шанална. Туранхай хүн ч бас байна. Ихэнх нь амархан өлсдөг,идэмхий хүмүүс. Зарим нь хоолонд дургүй, дотор нь муухайрч, огьж бөөлждөг байдаг.
Гэтэл жинхэнэ эрүүл хүн өдөр бүр 3-4 удаа хүндээр бие засаж, идсэн хоолны нь шингээгүй үлдэгдэл, бас бус хаягдлаасаа тогтмол салж, гэдсээ тухай бүр нь цэвэрлэж чаддаг. Ургамлын гаралтай хүнс иддэг бол шүү дээ. Жишээ нь талх, боов, төмс, ногоо гэх мэт. Харин зөвхөн мах, цагаан идээ иддэг бол өнжөөд нэг хоргол гаргах ёстой.
Тиймдээ ч өөртөө таарсан мах мариатай, чилгэр сайхан биетэй, бэлхүүс нарийн, арьс өнгөлөг, Үс сайхан, чалх тамир сайн, цоглог сэргэлэн байдаг. Бие, сэтгэл нь эрүүл учир.
Нарийн болон бүдүүн гэдэс нь хоол боловсруулах тогтолцооны хамгийн сүүлийн бөгөөд хамгийн урт хэсэг юм. Хоолноос авч болох хэрэгтэй бүхэн энэ хэсэгт шимэгдэнэ. Гэдэсний гадуур байдаг гөлгөр булчингууд нь удаан боловч хэмнэлтэйгээр агшиж,дотор нь байгаа задарч боловсрон шимэгдэж буй хоолны холимгийг түлхэн цааш явуулна.
Ходоодонд хайлж химус хэмээх нэртэй болсон холимог нарийн гэдэсний эхний хэсэг-12 хуруу/дээд/ гэдсэнд орж ирэнгүүтээ нойр булчирхайн шүүс болон элэгнээс ирсэн цөстэй холилдоно.
Эдгээр нэмэгдлүүдийн ачаар химус хүчиллэг исгэлэн биш болно. Хоолны холимог нарийн гэдсэнд байх хугацаанд нь түүнийг боловсруулах ферментүүд нойр булчирхайн шүүсэнд байдаг. Нарийн гэдэс ч өөрөө бас ферментүүдийг боловсруулна. Хоолны холимог нь нарийн гэдсийг 20 орчим цагийн турш туулж өнгөрөхдөө ферментүүдийн нөлөөгөөр улам жижгэрэн задарч, нарийн гэдэсний ханаар цус руу шимэгдэнэ.
Хооллосноос хойш 24 цаг өнгөрөхөд идсэн зүйлээс маань ердөө л боловсрох боломжгүй хэсэг нь Үлдэнэ. Түүнчлэн гэдэсний өнгөр/микрофлор/-ийн бактериуд, гэдэсний дотор бүрхэвчийн үхсэн эсүүд ч байна. Эдгээр хаягдлууд бүдүүн гэдсээр өнгөрөхдөө чийгнээсээ салж, шулуун гэдсэнд хуримтлагдан хошногоор тҮлхэгдэн гадагшилна. Цөсний будагч бодис/пигмент/-ууд өтгөнийг хүрэн өнгөтэй болгодог.
Нарийн, бүдүүн гэдэсний урт нийлээд 8,5метр орчим, үүнээс нарийн гэдэс 7метр, бүдүүн гэдэс 1,5метр урттай. Ийм урт гэдэс хэвлийн жижигхэн хөндийд багтахын тулд чацархайнд бэхлэгдэн мушгиран эвхэгдсэн байдаг.
Гэдэсний дотор бүрхэвч нь хуниас мэт нугалаатай. Хуниас тус бүр нь “сормуус” гэж нэрлэгддэг хэдэн зуун өчүүхэн хөхлөгүүдтэй. Тиймээс гэдэсний дотор тал нь сахлаг хивс шиг. Хивсний утас шиг энэ ургацгуудын тоогоор гэдэсний дотор тал эцсийн хэмжээндээ хүртэл томорч өргөссөн гэсэн үг. Эдгээр хуниас, хөхлөгүүд нь шимэгдэх талбайг их болгох төдийгүй гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд чухал үүрэгтэй. Хэрэв бүх хуниасыг тэнийлгэж болдогсон бол гэдэсний доторх гадаргуу нь нэг айлын 2 давхар орон сууцны шалны талбайтай тэнцэнэ.
Бүдүүн гэдэс нарийн гэдэстэй нийлдэг уулзварын мухар хэсгийн үзүүрт ургасан өт хэлбэрийн унжлага байдаг. Түүнийг аппендикс гэж нэрлэдэг. Түүнийг ямар ч үүрэггүй гэж үзэж байсан боловч сүүлийн үед эрдэмтэд аппендиксыг дархлааны чухал эрхтэн гэж нотолж байна. Аппендикс үрэвсэж, хагалгаа хийлгэн авахуулах хэрэг гардаг. Yүнийг бид мухар олгойгоо авхууллаа гэж буруу ярьдаг.
Яагаад өтгөн хатдаг болж, гэдсэндээ олон хувин ялзарч өмхийрсөн зүйл тээж явна вэ, олон хүн?
Цавуулаг ихтэй учир урсдаггүй /ус даадаг/, хивэг гэж нэрлэдэг уусамхай бус эслэгээс нь тусгаарласан учир цагаан өнгөтэй болсон дээд зэргийн гурил, мөн хивэгнээс нь салгаж өнгөлсөн хальсгүй цагаан будаа гэх мэт наалдамтгай шинжтэй, байгалийн амьд хүчээ гээсэн цэвэршүүлсэн хүнс байнга хэтрүүлэн идэхэд өнөөх хивс шиг гадаргуу маань цардагдан шархны тав мэт наалдацтай болж, гэдэсний ханын боловсруулалт тэр чигээрээ алдагдана. Хөхлөгүүд намирч хөдлөх манатай юм болж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн маш их муудах нь тэр. Тээвэрлэлтэд саад учирсан юм чинь ачаа тэндээ л хэвтэж байхаас биш яахав. Зүгээр хэвтэхгүй халуун бие дотор муу дээрээ улам муу болоод л гадагшлах цагаа хүлээгээд л байж байхаас өөр юу хийх билээ дээ. Өтгөн хатахын учир энэ.
Хэрэгтэй материал,түүхий эдийг салгаж цус руу дамжуулах замыг нь бөглөөд бөөн хаягдал овоороод наалдчихсан учир хоол идсэний хэрэг гарахгүй. Эсүүд “өлсөнө”. Өтгөн хатдаг зарим хүн амархан өлсдөг, их иддэгийн учир энэ. Их идэхийн хэрээр улам их хаягдал овоорч, байдал улам дорддог. Бид гэдсээ дүүргэхийн тулд биш, эсүүдээ тэжээхийн тулд иддэг гэдгийг эндээс ойлгож болно.
Байн байн толгой нь өвдөж, дотор нь муухайрч,хоолны дуршил муудсаны нэг шалтгаан нь гэдсэндээ хорны үйлдвэртэй болсных.
Гэдэсний хавдар үүсэх шалтгаанд мах их идэх, элсэн чихэртэй хүнс байнга их хэрэглэх, хөдөлгөөний дутагдал, сэтгэлийн хямрал зэрэг хамаарна.
Нарийхан бэлхүүстэйгээр эрүүл амьдрахыг хүсвэл махыг зохистой иддэг болохын зэрэгцээ эслэг ихтэй хүнс сайн хэрэглэж, эрүүл аж төрөх сонголтыг хийнэ. Эслэг ихтэй гэдэг нь байгалийн гарлаараа амьдаараа байгаа бүтэн үр тариа, бүтэн будаа, төрөл бүрийн бүдүүн гурил, тийм гурилан бүтээгдэхүүн, хүнсний хивэг, үр хөврөл, соёолж, хальстайгаа, үртэйгээ жимс, ногоог хэлдэг.
Өтгөн хатдаг бол амьд, өөрөөр хэлбэл зөв бүтэцтэй, биологийн идэвхт ус өдөрт 2 литрээс багагүй уух хэрэгтэй.
Улаан буудайн хоёрдугаар эсвэл гуравдугаар гурилыг, овёс, арвай, сагадын аль нэг гурилтай хольж, бага зэрэг хүнсний хивэг нэмж хөөлгөөд мантуу жигнэж, монгол байцаа, шар лууван, улаан манжингаар зууш бэлдэн, ногоон навчит ургамал болон зөөхийгөөр амтлаад, Үхрийн жигнэсэн гүзээтэй идвэл маш өег /материал түүхий эд ихийг өгдөг/, зардал чирэгдэл багатай үдийн хоолны нэг хувилбар болно. Өтгөн л лав хатахгүй. Харин ус юмуу цайгаа хоолноосоо дор хаяж 30 минутын өмнө уугаарай.