Ардчилсан намынхан дотроо бужигнасаар байна. Хэний ч оролцоогүйгээр нэгийгээ түлхээд унагачихдаг гэдэг тус намынхан энэ удаад дээр, дооргүй гүйцгээж байна. Намын дарга нь өөрчлөгдсөнтэй холбоотойгоор удирдлагынхаа багт сэлгээ хийж, ойрын хэдэн жилд болоогүй ротацийн сонгууль намын анхан шатны зарим үүрүүд дээр эхэлсэн нь тус намынхныг хөдөлгөөнд оруулжээ.
Уржигдар л гэхэд тус намын нарийн бичгийн дарга нарыг шинээр томилсон. Тухайлбал, намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, улс төрийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Батхүү, хүний нөөцийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарыг томилсон юм. Товчхондоо бол 2016 оны сонгуульд намын дарга З.Энхболдын удирдлагаар намаа сонгуульд авч орох баг гэж танилцуулвал зохино.
Энэ шийдвэртэй холбогдуулан өмнө нь З.Энхболдын туслах, зөвлөхөөр ажиллаж байгаад намын нарийн бичгийн дарга болсон О.Чулуунбилэг өчигдөр ажлаа өгчээ. Тэрээр З.Энхболдын нэлээд ойрын хүн байсан ч 2012 оны сонгуулийн дараа МоАХ фракцийг сонгож, Ерөнхийлөгчийн талыг баримтлан, түүний удирдлаган дор “Улс төрд шинэ манлайлагч” телевизийн зорилтот шоу төслийн удирдагчаар ажилласан билээ. Гишүүн байхад нь дор нь ажилладаг байсан туслах залуу нь хожим өөр фракц сонгон урвасан тул намын даргаар З.Энхболд томилогдсон тэр өдөр л түүний багт орж, намын удирдлагад үлдэх боломжгүй нь тодорхой болсон юм.
“Шонхор”-ууд аймаг, дүүргийн намын үүрүүдийн гадаа том жипээ сойж, өөрийн хүмүүсээ сонгуулахаар жирийн гишүүдээ хоол цайгаар дайлж яваа сурагтай. Нэр дэвшихээр горилогчдын дунд ч өрсөлдөөн ширүүн байна.
Ардчилсан намын дарга хамтран ажиллах удирдлагын багаа өөрөө бүрдүүлэх бүрэн эрхтэй учраас дээрх хүмүүсийг нарийн бичгийн даргаар томилох гэж буйгаа уржигдар болсон УИХ дахь намын бүлгийн хуралдаа товч танилцуулсан гэнэ. Хачирхалтай нь УИХ-ын гишүүн, сайд нарын дундаас нарийн бичгийн дарга нарыг сонгов. Уг нь намын өдөр тутмын үйл ажиллагаа, цаашлаад сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад цаг завтай сул гишүүн нарийн бичгийн даргаар ажиллахад зохимжтой гэдэг нь өмнөх туршлага болоод бусад намын жишгээс бэлхнээ харж болно.
Гэхдээ сайд, гишүүдийг сонгосон нь мөнгөтэй холбоотой болов уу. Баянгол дүүргийг бүхэлд нь худалдан авсан гэх С.Эрдэнэ, АПУ-ийн Г.Батхүү, Ажнай Д.Бат-Эрдэнэ, “Монос”-ын Л.Эрдэнэчимэг гээд томоохон бизнестэй, хөлжсөн улстөрчид З.Энхболдтой ирэх сонгуульд намаа удирдаж орох нь дээ.
Энд Ардчилсан нам гэхээр заавал фракцуудыг дурдах учиртай. Намын дарга З.Энхболд болон С.Эрдэнэ нар “Шонхор”, Г.Батхүү “Алтангадас” ч гэлээ намын шинэ даргатай нэг тойрог, нэг нутаг усных гэдэг утгаар олон жил нөхөрлөсөн, Л.Эрдэнэчимэг МоАХ, Д.Бат-Эрдэнэ МҮДН гээд бусад фракцуудын төлөөлөл багтсан байна. Дээр нь намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхийлөгчийн зөвлөх байсан Л.Эрхэмбаярыг томилсон юм.
Ер нь бол намын даргын хүмүүс, түүний фракцийнхан удирдлагын багт түлхүү орж таарна. Мөн тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал ирэх сард буюу Цагаан сараас өмнө болох юм. Үүгээр ҮЗХ-нд орон гарсан 43 гишүүнийг нөхөн сонгоно. Харин хэдэн жилийн турш ярьж, жигүүрийнхэн нь шаарддаг байсан ротаци буюу ҮЗХ-ны гишүүдийг сэлгэж шинээр сонгох тухай биш юм.
Эзэнгүй суудалд намын дарга фракцийнхаа хүмүүсийг түлхүү оруулах зорилготой нь мэдээж. Иймд “Шонхор”-ууд аймаг, дүүргийн намын үүрүүдийн гадаа том жипээ сойж, өөрийн хүмүүсээ сонгуулахаар жирийн гишүүдээ хоол цайгаар дайлж яваа сурагтай. Нэр дэвшихээр горилогчдын дунд ч өрсөлдөөн ширүүн байна. Ер нь хэн мөнгөтэй нь ҮЗХ-нд ордог намын бичигдээгүй дүрэм бий.
Өмнө нь ротацийн сонгууль болоход намын үүр дээр тоож очдоггүй байсан томчууд нь мөнгө цүнхэлж, жип хөлөглөөд очдог л байсан. Ийм жишиг давтагдсан үйл явдал ойрын хэдэн өдөр аймаг, дүүрэг дээр нэлээд болж буй гэнэ. Ингэхдээ намын даргын фракцийнхан илүү хөдөлцгөөж байгаа гэх. “Шонхор”-ын даргаар сүүлд сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ч ойрын хэдэн өдөртөө завгүй байгаа аж.
Дээр нь Сонгинохайрхан дүүрэгт болсон нөхөн сонгууль нь будилаан тарьж нэг намын гишүүд хоёр талцаад байна. Шинэ генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нь тус дүүргийн намын гишүүдийг талцуулж бужигнуулах ажиллагааг хийж байгаа гэж нэг талаас нь мэдээлэв. Аль нь үнэн, худал нь тодорхой бус хоёр талын мэдээлэл нэг нэгийгээ үгүйсгэсээр.
Л.Эрхэмбаяр нь тус дүүргийн Засаг дарга бөгөөд Ардчилсан намын даргаар ажиллаж байсан. Иймд Сонгинохайрханы АН-д нөлөө бүхий эрхэм гэдэг нь тодорхой бөгөөд мөн л өөрийн талын хүмүүсээ удирдлагаар нь томилох гэж улайрснаас нөхөн сонгууль үр дүнгүй болж нэг намынхан хоёр талцсан бололтой.
Энэ бүхний эцэст намынх нь нэр хүнд унаж, дарга нарыг дагагсад болоод мөнгөтэй нь ҮЗХ-д сонгогдон орох биз ээ. Мөнгөтэй нь даргадаа таалагдаж, дээр нь намын хорооны гишүүдээ ойр, ойрхон амттай хоолонд дааж саналыг нь худалдаж авч чадсан нь Үндэсний зөвлөлдөх хороо гээчид ордог гэж байгаа юм.
Н.Заяа