Ж.Эрдэнэбат: Энэ тодотгол бол эдийн засгийн байгаа л боломж

sangiin_saodСангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТТАЙ ярилцлаа.

-УИХ-д өргөн барьсан төсвийн тодотгол ямархуу болж өөрчлөгдөөд байна вэ. Засгийн газрын оруулж ирсэн төсөлд гишүүд ч, нийгэм ч шүүмжлэлтэй хандаж байна. Ийм байхад Засгийн газар саналаа өөрчлөхгүй юм уу?

-Байнгын хороод төсвийн тодотголыг хэлэлцээд явж байна. Одоогоор эцсийн дүгнэлтүүд гараагүй учраас тодотголд ямар нэгэн өөрчлөлт орсонгүй. Миний хувьд Сангийн сайдын ажлыг хүлээж аваад сар гаруйн хугацаа боллоо. Энэ хооронд холбогдох тооцоо судалгааг хийгээд тодотголыг өргөн барьсан. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл бололцоо маш хүнд байгаа. Энэ нөхцөлдөө л тааруулсан бодит саналыг оруулж ирсэн нь энэ.
 

-Гэхдээ төсөв тодотгохдоо заавал орон тоо цомхотгож хэмнэлт хийх нь хэр зохистой вэ. Жишээ нь, тооцоо судалгаагүй, хожмын үр дүнг нь харалгүйгээр төсөвт байгууллагуудаа автоматаар шууд нэгтгээд явах нь зөв үү. Ийм л зүйлийг гишүүд хэлж байна ш дээ?
-Хүн бүр, байгууллага болгон өөрийн хийж, хэрэгжүүлж байгаа ажлыг улсад хэрэгтэй, үр дүнтэй гэдэг. Үүнийг нь үгүйсгэхгүй. Гэхдээ бас яг өнөөдрийнх шиг улс орны эдийн засаг хүндэрчихсэн цагт тодорхой хэмжээнд зохион байгуулалтын болон аж ахуйн тооцооны хувьд нэгтгээд явахад болохгүй юм байхгүй. Ийм 100 гаруй байгууллагын асуудлыг ч Засгийн газар хэлэлцээд УИХ-д оруулсан. Гэвч тэдгээр байгууллагынхан нэг бол хэвлэлийнхэнд, эсвэл УИХ-ын гишүүдэд хандаад “Эднийхийг л авч үлдэхгүй бол болохгүй” гэсэн үг хэлүүлээд байгаа юм.

-100 гаруй байгууллага байгаа юм уу?
-Уг нь тийм. Гэвч хүмүүс ойлгохдоо өөр дээрээ л хүлээж аваад байгаа юм. Улс орны эдийн засаг хүнд байгаа учраас салбар бүр рүүгээ орж хэмнэлт хийхээс өөр аргагүй болсон. Зөвхөн хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэг, одонтой ээжийн мөнгийг хасч байгаа юм шиг ойлголт л нийгэмд яваад байгаа шүү дээ. Үнэндээ бүх салбарт хэмнэлт хийх санал оруулсан. 100 гаруй хүрээлэн, лаборатори зэрэг ижил төстэй байгууллагуудыг нэгтгэх гэж байна. Яамд, тамгын газруудын орон тоог 15 хувиар цомхотгох, тэвчиж болох зардлуудаа тэвчих гээд олон асуудал энэ тодотголд бий. Тэвчиж болох гэдэгт тээвэр, шатахуун, гадаад томилолтын зэрэг зардлууд ордог. Үүнийг хамгийн багадаа 20 хувиар, зарим байгууллагын хувьд бүх.{ гадаад томилолтыг нь цуцлах жишээтэй. Ингэж л 900 гаруй тэрбум төгрөг хэмнэх тооцоо хийсэн.

-Энэ хэмнэлтийг хийхэд бүх асуудал жигдрэх үү. Төсвийн тэнцэл сайжрах уу?
-Монгол Улсын төсвийг УИХ 7.1 их наяд төгрөгөөр баталсан. Гэвч энэ бол бодит байдлаас зөрсөн тоо. Өмнөх жилүүдэд орлогын төлөвлөгөө үргэлж тасарч, байнга шахуу 1.1 их наяд төгрөг дутаж байлаа. Энэ бол зардлаа тэр хэмжээгээр л санхүүжүүлж чадахгүй гэсэн үг. Иймээс улсынхаа өрийг нэмэгдүүлж явж ирсэн. Харин энэ удаад Засгийн газар уг алдааг засъя гэж байгаа юм. Үүний тулд бүх салбар руу, бүх бүтэц рүү орж хэмнэлт хийе л гэсэн. Ингээд тооцож үзээд хэмнэх боломжтой мөнгө нь 900 гаруй тэрбум төгрөг гэж үзсэн юм. Үнэндээ жил бүр 1.1 их наядаар орлого тасардаг гэвэл дахиад 200 тэрбум төгрөгийн асуудал бий. Ийм л нөхцөл байдалд тодотголыг боловсруулсан.

-Тодотгол хэлэлцэхтэй зэрэгцэн цалин, тэтгэвэр нэмэх шаардлага ч явж байна. Энэ дээр та юу хэлэх вэ?
-Тэр шаардлагыг сонссон. Гэхдээ би та бүхнээс Монгол Улсын төсвийн бүтцийг нэг хараад үзээрэй гэж хүсье. Цалин, тэтгэвэр, халамж нийт төсвийн 60 хувь буюу 3.6 их наяд төгрөг. Тэр хүмүүсийн хэлээд байгаа шиг 50, 60-аар биш, ердөө 10 хувиар нэмэхэд л нэмж 360 тэрбум төгрөг шаардлагатай. Хэрэв ингэж нэмнэ гэвэл нөгөө урсгал зардлаа дахиад хасахаас өөр аргагүй. Гэвч бодит байдал дээр төсвийн 40 хувийн 10 хувийг өмнө нь авсан өр, зээлийн төпбөрт төлчихдөг. 19.7 хувийг нь урсгал зардалд, үлдэж буй 10 гаруй хувийг л хөрөнгө оруулалтад зориулж байна. Ийм байдлаар цаашаа явбал төсвөөс цалин, я-этгэвэр, халамж тавьдаг, халамжийн л улс болох нь.

-Халамж танах нь зөв л байх. Гэхдээ хүүхдийн мөнгийг, одонтой ээжүүдийн мөнгийг хасах нь хэр оновчтой бодлого вэ?
-Хүүхдийн мөнгө өмнө нь байдаггүй байсан мөнгө. Нөгөө л улс төрийн амлалтаас болж өгч эхэлсэн шүү дээ. Аваад сурсан ард түмний хувьд авах сонирхол байдаг л байх. Гэтэл авдаггүй хэсэг гэж бий. Нийт тавьсан мөнгөний 10 орчим хувийг нь авдаггүй бүлэг байдаг юм. Өөрөөр хэлбэл, нэг хэсэгт нь тэр мөнгө огт хэрэггүй.

Ийм байхад улс орны эдийн засгийн хүндрэлээ бодож боломжтой өрхүүдийн хүүхдэд энэ мөнгийг түр өгөхгүй байя л гэж Засгийн газар үзсэн. Анх Хүний хөгжил санг байгуулахдаа хүүхдийн мөнгө бол ирээдүй рүү чиглэсэн хөрөнгө оруулалт гэж байсан ч үнэндээ явсаар халамж болчихсон. Халамж л юм бол халамж хэрэгтэй байгаа тэр зорилтот бүлэгт хүүхдийн мөнгийг өгье. Ер нь бол халамжийг хавтгайруулж олгохоо зогсоох цаг болсон. Жишээ нь, УИХ-ын 76 гишүүний хүүхдүүдэд халамж олгоод яах юм. Сайд дарга нарын, том том компанийн захирлын хүүхэд энэ мөнгийг аваад яах юм бэ. Харин ч улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ нөхцөлд тэр мөнгө нь улс оронд нь хэрэг болбол  тэр  бизнесмэнд, улстөрчдөд л хэрэгтэй. Хамгийн гоп нь хүүхдийн мөнгийг энэ боломжтой улсуудад олгоод яах юм бэ гэсэн санааг ямар хүн нь эсэргүүцээд, энэ баячууд, хөрөнгөтэй хүмүүсийн өмнөөс санаа зовоод байгаа юм. Би тэрийг ойлгохгүй л явна. Тэгээд ч хүүхдийн мөнгийг Хүний хөгжил сангийн орлогоос өгөхөө болиод удсан. 2012 оноос хойш Засгийн газар бонд гаргаж л энэ мөнгийг өгч байгаа шүү дээ. Ингэж улс төр хийж, улс орноо элгээр нь хэвтүүлж байснаас ард түмэндээ үнэнээ хэлээд явах нь дээр ш дээ. Эдийн засаг сэргээд ирэх үед бол буцаагаад олгож болно. Эдийн засгийн хувьд өрөндөө баригдаад явбал хэзээ ч сэргэхгүй. Өрнөөсөө гараад, ядаж нэмж өр тавихгүй байж л эдийн засгаа сэргээнэ. Харин тэндээсээ тэтгэмж, урамшуулал өгдөг тогтолцоог бүрдүүлэх ёстой юм. Өр тавьж цалин тавьдаг, өр тавьж хүүхдийн мөнгө өгдөг, өр тавьж хөрөнгө оруулалт хийгээд яах юм. Тэрний оронд өнөөдөр уушгиа идэж байгаад маргаашийн өөхтэйгөө золгох нь дээр ш дээ.

-Өр гэснээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ дэмжсэнгүй унагалаа. Одоо яах вэ. Өр нэмэх саналыг дэмжсэнгүй?
-Ер нь өр гэдэг зүйлээ нэг тийш цэгцлээд явах ёстой юм. Одоо бол хуульд заасан хэмжээнээсээ хэтэрчихээд л яваа. ДНБ-ий 60 хувьд хүрчихсэн. Нэгэнт ийм болчихсон юм чинь нэг тийш шийдэх л хэрэгтэй. Тэгэхгүй хуулиа зөрчөөд, худлаа 40 хувь дээр байна гээд явах уу л гэдэг асуудал юм даа.

 Ч.ГАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …