Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр болж, Өрийн хэмжээг шатлан бууруулах заалтыг хуульд тусгахаар тогтлоо.
2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татаж, ДНБ-д улсын нийт өрийн эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулах заалт тусгахаар тогтлоо. Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан өрийн тусгай шаардлагын дагуу өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын нийт өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2015 оны төсвийн жилд 60 хувиас, 2016 оны төсвийн жилд 55 хувиас, 2017 оны төсвийн жилд 50 хувиас, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна гэж нарийвчлан заах юм байна.