УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, Ажлын албаны дарга Ш.Раднаасэд нар мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн хувьд хуульд заасан хязгаараас хэдийнэ давж 58.3 хувьд хүрсэн өрийн босгыг бодит төвшинд нь тогтоон хуулийн зөрчлийг арилгах, улсын өрийн хэмжээг үе шаттай бууруулж 40 хувьд хүргэх ёстой гэдэг байр суурин дээрээ хэвээр байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх ёстой. Гэвч энэ заалтыг өмнөх Засгийн газар зөрчиж, өртэй холбоотой бодит мэдээллийг ард иргэдээс нууж ирсэн. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ талаар хэлэхдээ “Бид хуульд заасан энэ заалтыг зөрчихгүй байх ёстой гэсэн шаардлага тавьж байсан. Гэхдээ сонголт хийх зайлшгүй шаардлага гарсан. Хэрвээ төсвийн алдагдлыг хоёр хувьд баривал энэ жил цалин тэтгэвэр нэмэх, эхийн одонгийн болон хүүхдийн мөнгийг бүрэн өгөх боломжгүй болно. Мөн төсвийн хөрөнгө оруулалт царцах, эдийн засаг улам агших эрсдэлтэй учир энэ жилдээ төсвийн алдагдлыг таван хувьд барихыг манай бүлэг дэмжсэн. Өөрөөр хэлбэл, үндэсний бүтээн байгуулагчид, баялаг бүтээгчид, ард иргэдээ дэмжих үүднээс төсвийн алдагдлыг таван хувьд барихаар боллоо” гэв.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын нэгдсэн төсвөөс гадна Хөгжлийн банк, “Чингис”, “Самурай” бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөр гэсэн олон төсөвтэй болж, мэдээлэл нь хаалттай байсанд МАН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж ирсэн. Харин энэ удаагийн төсвийн тодотголын хүрээнд МАН-ын бүлгийн шахаж шаардсаны дагуу төсвийн ажлын хэсэг АН-ын бүлэгтэй тохиролцож чадсанаар Хөгжлийн банк Монгол Улсын төсөвт хамаардаг болж байгааг бүлгийн дарга С.Бямбацогт онцлов. Тэрээр “Ингэснээр манай улс олон төсөвтэй бус нэгдсэн төсөвтэй болох алхам хийгдэж, хууль биелүүлдэг улс болох нь. Хөгжлийн банк, бондууд, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хөрөнгийн зарцуулалтад хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулсан. Цаашдаа хууль зөрчигдөхгүй байх чиглэлд бид анхаарч ажиллана. Шинэчлэлийн Засгийн газрын хууль зөрчсөн алдаанууд давтагдахгүй байх, алдааг засахад энэ удаагийн төсвийн тодотгол томоохон өөрчлөлт авчирна гэж үзэж байна” гэж хэллээ.
Хуульд заасан шалгуурыг давж 58.3 хувьд хүрээд байгаа өр хэчнээн төгрөгөөр илэрхийлэгдэх хэмжээнд хүрээд байгааг сонирхсон сэтгүүлчийн асуултад МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Засгийн газрын өргөн барьсан 2015 оны төсвийн тодотголд нийт өрийн хэмжээ нэрлэсэн үнээр 15 их наяд 959 тэрбум, өнөөгийн үнэ цэнээр 13 их наяд 980 тэрбум төгрөг байна. Мэдээж энэ хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурт нийцүүлэн бууруулж, цаашид нэмэгдүүлэхгүй байх нь засагт хамтарч ажиллаж байгаа намууд, УИХ, Засгийн газар хэр санаачилгатай, үр дүнтэй, бодитой үйл ажиллагаа явуулахаас шалтгаална. Цаашдаа аль болох бага улстөржиж, үндэсний зөвшилцөл, ойлголцлыг эрхэмлэж ажиллах шаардлагатай байна. 2015 он бол ард иргэд, УИХ, Засгийн газрын хувьд хүнд жил байх нь. Харин хямралыг даван туулахад эв нэгдэл, итгэлцэл, ойлголцол хамгаас чухал. Энэ зарчмыг баримталж үндэсний зөвшилцлийн хүрээнд ойлголцож ажиллахыг бусад улс төрийн намууд, бүлгүүдэд уриалж байна” гэв.