Орой нь шүд цэвэрлэгч элдэв бодис, шүдний утас зэргийг хэрэглэн байж шүдээ сайтар угаагаад, амаа зайлаад унтсан ч өглөө амнаас тааламжгүй үнэр үнэртсээр байдаг. Хэргийн учир нь та шүдээ муу арчилж байгаад биш, харин амны чийглэг дулаахан хөндийд байрлах дуртай нян бактеруудад байгаа юм. Эдгээр микробууд үржиж олшрох үедээ муухай үнэрт нэгдлийг ялгаруулдаг бөгөөд харамсалтай нь ямар ч арга хэмжээ аваад үр дүнгүй гэнэ.
Хамгийн зөв арга нь сэрмэгц шүдээ угаах. Ксилит, триклозан, эфирийн тос агуулсан шүдний оо болон ам зайлагч нь бактерт тааламжгүй орчинг бүрдүүлдэг. Гэвч тэдний үйлчлэл мөнх биш тул хэсэг хугацааны дараа эдгээр бодисууд арчигдаж, бактерууд дахиад л үржиж эхэлдэг.
Ялангуяа шөнө шүлс ялгаруулалт багасахаар бактеруудыг “урсган аваачих” шингэнгүй болж, шөнийн турш “эвгүй үнэрт” бодисын хуримтлал үүсдэг байна. Гэхдээ амны үнэр зөвхөн үүнээс л болж үүсдэг юм биш. Эрдэмтдийн тооцоолсноор бидний аманд дэлхийн хүн амаас ч олон тооны бактер байдаг гэнэ. Эдгээр бактерийн ялзрал бас үнэр үүсгэгч болно.
Бактеруудын хоол болдог аминхүчлүүд хүхэр агуулж байдаг нь бас нөлөөлдөг. Түүнээс гадна амны хөндийн эвгүй үнэрийн “найрлаганд” дараах элементүүд байдаг. Үүнд: кадаверин (хүүрний үнэр), хүхэрт устөрөгч (ялзарсан өндөгний үнэр), изовалерианы хүчил (шивэрний үнэр ), метилмеркаптан (ялгадасны үнэр), путресцин (илжирсэн махны үнэр) и триметиламин (ялзарсан загасны үнэр) гэх мэт. / Хаалтанд байгаа нь үнэрийн жишээ татсан хэрэг шүү!
Ер нь үнэртэж болох муухай үнэр болгон аманд байдаг гэж хэлж болно. Иймээс өглөөгүүр үнсэлцэх нь романтик байдлыг жаахан алдагдуулж мэдэх л юм.