Цалин, тэтгэврийг 10 хувиар нэмж байгаагаасаа ичээч

icheech750943321201501200901Намдаа эсэргүү хэмээгдэх болсон Ж.Батзандан гишүүн “Н.Алтанхуягийн Засгийн газар цалин, тэтгэврийг чимээгүй нэмнэ гэж онигоо болсон” гэж нэг бус удаа хэлж байсан.

Үнэхээр ч тэд жинхэнээсээ онигоо тарьсан. Нэмэгдэл байтугай нэрмээс болсон хэдэн төгрөг нь бараа, бүтээгдэхүүний үнийн нэмэгдэлд дарлуулсан тод жишээ бий. Гэтэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар мөн л адил 10 орчим хувийн нэмэгдлээ их юм бодож, чимээгүй байдлаар нэмнэ гэж сүржигнэж байгаа нь нэг талаар ичгэвэртэй. Угтаа Ч.Сайханбилэг ард иргэдээ бодох болов уу гэтэл “онигооны эзэд”-ийн тоог нэгээр нэмэгдүүлчихсэн. 2015 оны төсөвт цалин, тэтгэврийн нэмэгдэлд нэг ч төгрөг суулгаагүй нь бодит. Тиймээс энэ алдааг нь засах гэж “Төсвийн тодотголд цалин, тэтгэврийг 10 орчим хувиар нэмэгдүүлнэ” гэдэг одоогоор амлалт өгчихсөн. Үнэхээр энэ засаг ард түмнийхээ амьдралыг боддог, цалин, тэтгэврээ нэмсэн шиг нэмж чаддаг байсан бол хэн ч шүүмжлэл дагуулахгүй. Харамсалтай нь цалин, тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмнэ гэдэг амлалтаа ч хэрэгжүүлж чадахгүй байгаад ард иргэд энэ төр засгийнхнаас хариуцлага нэхэх зайлшгүй шаардлага бий гэдгийг сануулчихад гэмгүй.

Цалин, тэтгэврээрээ сайхан амьдрах боломж алга 

Өмнөх засагт Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Улаан “2015 оны Улсын төсвийн төсөлд ард түмний амьжиргааг дээшлүүлэх үүднээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд төсөвт байгаа боломжийг илүүтэй дайчлах зарчмыг баримталж ажиллаж байна. Тиймээс өнгөрсөн жил цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зарцуулж байсан хөрөнгийг ирэх жил 2.5 дахин нэмэгдүүлэх зорилт агуулсан. Гэхдээ цалин тэтгэвэр, тэтгэмжийг үе, шаттайгаар нэмэгдүүлэхийн зэрэгцээ цаг хугацааны хувьд ялгавартай байна” гэж боловсруулсан төсвийнхөө талаар танилцуулсан. Харин засаг ч солигдож, төсвийн боловсруулалт ч эрс өөрчлөгдөн яаруу, сандруу хэлэлцсэн 2015 оны Төсвийн төсөлдөө цалин, тэтгэврийн нэмэгдэлд нэг ч төгрөг суулгаагүй. Энэ нь эдийн засгийн хямралтай нүүр тулсан иргэдэд хүнд ачаа болсон. Гэхдээ МАНАН үүссэн хамтралаар МАН-ынхан санал тавьж шаардсанаар арга буюу АН-ынхан цалин, тэтгэврийн нэмэгдэлд хөрөнгө гаргасан нь үнэн. Гэтэл өнөөдөр бид тэрхүү нэмэгдлийг тооцоод ч цалингаараа сайхан амьдрах боломж байтугай бололцоо алга. Үнийн өсөлтөө төр нь зохицуулж чадахаа больсон үед “цалин, тэтгэврээ чимээгүй нэмнэ” гээд хямралд орсон монголчууд сөрж давна гэдэг хэцүү.

10 хувийн нэмэгдэл бодитой гэж үү 

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоог тоодог амьтан байгаагүй гэхэд болно. Тэд өмнөх засгийн үед хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрээ байгуулъя гэж хэдэнтээ хэлээд авч хэлэлцсэн хүн байгаагүй. Энэ бол Н.Алтанхуягийн засгийн үед шүү дээ. Харин олон хэлбэл улиг, цөөн хэлбэл билэг гэхчээр саяхан гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурж, энэ засаг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоогоо сонсдог болсон.  Гэхдээ Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилогдсонд Ч.Сайханбилэгт “Шинэ Засгийн газрыг улс орны эдийн засгийн хүндрэлийг даван туулах, иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг бодитой нэмэгдүүлэх, амьдралын чанарыг нь сайжруулах чиглэлээр олон тулгамдсан шийдлээ хүлээж байгаа” хэмээн олон удаа сануулсаар ирсэн. Гэтэл өнөөдөр 10 орчим хувийн нэмэгдэлд баярлаж суух гэж үү, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооныхон. Та нарын хүсээд байсан бодитой нэмэгдэл мөн үү. Иргэдийнхээ амьдралын бодит тооцоололд нийцсэн нэмэгдлийг оруулсан хойноо “баярлах” байтал 12 мянган төгрөгийн хойноос ингэтлээ тэмцэж, шаардаж байсан хэрэг үү. Энэ нэмэгдэл бол зөвхөн шоу болж байна. Тиймээс төр засаг, амаа хамхиулсан Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооныхон ард иргэдийнхээ өмнөөс уйчлал гуйж, ичих хэрэгтэй.

С.МӨНХБАЯСГАЛАН

Эх сурвалж: www.info.mn

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …