Тавын эсрэг 45 мянга хүчгүйдэв

95Хөрөнгийн зах зээл хөгжих нь эдийн засгийн тулгуур гэлцдэг. Гэвч манай улсын хувьд энэ зах зээл унтаа байдлаасаа салж чадалгүй 24 жилийн түүхийг бүтээсэн байна. Энэ зах зээл анх төрийн өмчийн 475 аж ахуйн нэгжийг хувьчлах зорилгоор эхэлсэн аж. Сүүлийн жилүүдэд арилжаа эрс муудсан нь аж ахуйн нэгжүүд хувьчлагдаад дуусч байгаатай холбоотой хэмээн албаны хүн тайлбарлаж байв. Тоотой хэдхэн компани хөрөнгийн биржид бүртгэлтэй байх бөгөөд арилжаанд оролцдог юм. Түүний нэг нь “Улсын Их Дэлгүүр” хувьцаат компани билээ. Тус компанийн нийт хувьцааг “Номин Холдинг” компани эзэмших болсоноор хөрөнгө оруулалт болон менежментийн өөрчлөлтийг үе шаттайгаар хийн дэлхийн жишигт хүрч чадсан худалдаа үйлчилгээний томоохон төв болгосон гэлцдэг. Учир мэдэх хүний хэлж буйгаар өдий хүртэл хувьцааны ханш өсч байгаагүй гэнэ. Тус компанийн хувьцааны 33 хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэлдэг бол 66 хувь нь таван хүний нэр дээр байдаг ажээ. Гэтэл том хувьцаа эзэмшигч гэх нэрийн дор Номингийнхон “Европын сэргээн босголт хөгжлийн банк”-наас зээл авахын тулд УИД-ийг барьцаалахаар болж буй гэнэ. Энэ нь 45 мянган хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр аж.

Баянзүрх дүүргийн иргэн, хувьцаа эзэмшигч А.Цогт-Эрдэнэ “Хувьцаа эзэмшигч болоод 20 гаруй жил болж байхад нэг ч төгрөг авч байсангүй. Гэтэл барьцаанд тавьж зээл авах тухай ярьж байх юм. Үүнийг эсэргүүцэж байна” гэв. Тэрээр жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өгөхгүй байх зорилгоор тус дэлгүүрийг алдагдалтай ажиллуулдаг гэж байлаа. Одоогоор УИД 11 тэрбум төгрөгийн өртэй болсон байна. Энэ нь ногдол ашиг тараах нь битгий хэл дампуурлын ирмэгт тулсны дохио гэнэ. Тиймээс зээл авах зайлшгүй шаардлага тулгарсан гэжээ. Хачирхалтай нь өр төлөх газар нь “Номин холдинг”-ийн охин  компани болох “Номин Тав трейд” аж. Үүнийг жижиг хувьцаа эзэмшигчид эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн нь 66 хувийг эзэмшигчид зөвшөөрснөөр энэ асууд­лыг шийдсэн бололтой. Гэвч хувьцааны 33 хувийг эзэмшигчид нь Ул­сын Их Дэлгүүрийг өргө­жүү­лэхээр авч байгаа бол зөвшөөрөхөд бэлэн гэд­гээ хэлж байсан юм. Харам­салтай нь тэдний хүсэл­тийг тоосонгүй. Тэд зөв­шөөрөхгүй байсан ч зээл авах боломжийг давуу эрхээрээ нээчихсэн гэв.

Зээл авахын тулд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр зайлшгүй хэрэгтэй байсан учраас дүр эсгэсэн хурлыг зохион байгуулсан хэмээн тэд эгдүүцэж байлаа. Гэвч эрх мэдэлтэй, давуу эрхтэй нөхдүүдийн өмнө хүчин мөхөсдсөн тэд цаашид үүнийг эсэргүүцэхээ илэрхийллээ.

Хөрөнгийн биржийн сайтаар орж тус компанийн санхүүгийн тайланг харах гэсэн боловч чадсангүй. Тус компани нээлттэй бус хаалттай бололтой. 2013 оны тайлангаас өөр зүйл байсангүй. Тус тайланд тусгагдсанаар урт хугацаат өрийн хэмжээ 11092446,2 мянган төгрөг гэсэн байв. Энэ нь дээр дурьдсан 11 тэрбумыг хэлж буй бололтой.

Банкнаас хүсч буй зээл нь компанийн үйл ажиллагааг өргөн, сайжруулах зорилгой аж. Мөн сэргээгдэх эрчим хүчний тэр дундаа нарны цахилгаан станц барихад зориулагдана гэжээ. Энэ нь 45 мянган хувьцаа эзэмшигчдийн дургүйцлийг төрүүлсэн байна. Гэвч тавын эсрэг 45 мянга хүчгүйднэ хэмээн хэн санах билээ.

download

Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …