Хүүхдийн уушгины хатгалгаа

151408-04122014-1417668840-468120184-uushgi1_700x700Хатгалгаа буюу уушгины үрэвсэл гэж хэвийн нөхцөлд агаараар дүүрч байдаг уушгины цулцангууд үрэвсэж идээ, цэр, цусаар бөглөрөхийг хэлнэ. Иймд эд эрхтэнг хүчилтөрөгчөөр хангахад бэрхшээл үүсч үүнтэй тэмцэхийн тулд хүүхэд амьсгаадаж (амьсгалын тоо олшрох) эхэлнэ. Өөрөөр хэлбэл амьсгаадах, амьсгалахад бэрхшээлтэй болох, амьсгалахад өвдөлт үүсэх, хамар сарталзах, хамар, уруул хөхрөх нь уушгины хатгалгааны үндсэн шинж мөн.

Бусад шинжүүдэд:
• Ханиах
• Халуурах/чичрэх
• Цээж, толгой, хэвлийгээр өвдөх, ялангуяа ханиах үед (зовиурлан уйлах, яраглах, гинших)
• Хоолонд, хөхөндөө дургүй болох/шээс ховордох
• Ядарч сульдах, унтаарах зэрэг орно.

Шалтгааны хувьд вирус, нян байх ба маш ховор тохиолдолд мөөгөнцөр байж болно. Уушгины хатгалгаа үүсгэдэг нянгуудад:
• Пневмококк (2014 оноос Монгол улсад дархлаажуулалт хийгдэж эхэлнэ)
• Хемафилиус инфлуэнза (Тавт вакцинаар дархлаажуулалт хийгддэг)
Харин вирусын хувьд:
• Респиратор-синцитал вирус
• Параинфлуэнза вирус
• Инфлуэнза вирус (жил бүрийн томуугийн вакцинаар дархлаажуулалт хийгддэг) тохиолддог.

Вирус, нянгийн хатгалгааны хувьд илрэх шинжүүд ижил боловч явцаараа ялгагдана. Нянгийн хатгалгааны хувьд дээр дурдсан шинж тэмдгүүд өвчин эхэлсэн эхний эсвэл хоёрдох өдрөөсөө л илэрч эхлэх ба тохирсон антибиотикийг зөв тунгаар хэрэглэсэн тохиолдолд эмчилгээ эхэлснээс хойш 24-48 цагийн дотор хүүхдийн биеийн байдал эрс сайжирч шинж тэмдгүүд намжиж эхэлнэ.
Харин вирусын хатгалгааны хувьд ханиад шуухинаагаар эхлэн шинж тэмдгүүд аажмаар өдөр өдрөөр нэмэгдэж (эхлээд цөөн ханиаж байснаа ханиалга нэмэгдэж халуурч амьсгаадах, хоолонд дургүй болох/хөхөндөө муудах шинжүүд нэмэгдсээр) ойролцоогоор 7 хоногийн дараа хатгалгааны шинжүүд илэрнэ. Ийм учраас вирусын хатгалгааг өвчин эхэлсэн эхний хоногуудад оношлох боломжгүй бөгөөд өвчин эхэлсэн эхний өдрөөс антибиотик эмчилгээ хийсэн ч урьдчилан сэргийлэх боломжгүй (антибиотик вирусыг устгахгүй) байдаг. Вирусын хатгалгааны эмчилгээнд ч антибиотик хэрэглэх боловч тэр дороо үр дүн гарахгүй, хүүхдийн биеийн байдал сайжрах нь удаан (2 долоо хоног, түүнээс ч удаан) байдаг. Цусны шинжилгээгээр вирус, нянгийн шалтгааныг ялгаж болно.

Уушгины хатгалгааг эмчийн үзлэгээр хүнд биш (гэрээр антибиотик уулгаж эмчилнэ), хүнд (эмнэлэгт 1 антибиотикийг судсаар тарьж эмчилнэ), маш хүнд (эмнэлэгт 2 антибиотик судсаар тарьж эмчилнэ) хэмээн 3 ангилна. Антибиотик эмчилгээнээс гадна халуун бууруулах, өвдөлт намдаах (парацетамол), дархлаа сайжруулах (цайр), шингэн ихээр уулгах, агаарыг чийгшүүлэх арга хэмжээг заавал авна. Эмчилгээ дунджаар 5-10 хоног үргэлжилнэ.

Хүүхдээ цаг тухайд нь дархлаажуулах, хөхөөр хооллох, гэр бүлийн гишүүд тамхи татахгүй байх нь хүүхдийг уушгины хатгалгаанаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Тураал, сульдаа, цус багадалт зэрэг хүүхдийн суурь өвчнүүд, нэг дор олуулаа амьдрах нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдэлт хүчин зүйл болдог

Ханиад томуунаас хүүхдээ хэрхэн сэргийлэх вэ?

Ханиад томуу буюу амьсгалын дээд замын вирусын халдвар нь олон төрлийн вирусын шалтгаантай. Хөхүүл болон бага насны хүүхэд жилдээ дунджаар 6-10 удаа ханиад томуугаар өвчилдөг. Цэцэрлэг, яслид явдаг бол илүү олон өвчилнө. Хүүхэд 6 нас хүрэхэд ханиад томуугаар өвчлөх нь эрс цөөрнө.
Хүүхэд даарснаас болж ханиад томуу, хатгалгаагаар өвчилдөггүй, харин өвчтэй хүний нус, шүлс, цэрээр дамжин халдварладаг.
Илрэх шинж тэмдгүүд:
• Хамар битүүрэх, нус гоожих
• Нойрондоо муудах (ялангуяа нярай, хөхүүл насныхан)
• Хоолой сөөх
• Ханиах
• Халуурах
• Хөхөндөө/хоолондоо муудах
• Арьсаар тууралт гарах
Халдвартай хүнтэй хавьтсанаас хойш 1-3 хоногийн дараа (нууц үе) дээрх шинж тэмдгүүд илэрч ойролцоогоор 1-2 долоо хоног үргэлжилнэ.
Хүүхдээ хэрхэн сэргийлэх вэ?
• Ханиад томуугаар өвчилсөн хүнээс хол байлгах, намар, өвөл, хаврын цагаар (9-р сараас 4-р сар) олон хүнтэй газраар (дэлгүүр, автобус, зах) хүүхдээ авч явахгүй байх
• Гараа байнга угаах, гараа угаагаагүй хүнийг хүүхэддээ хүргэхгүй байх. Ялангуяа цэцэрлэгийн ах эгч нар нь нүдээ нухах, хамраа ухах, гараа амандаа хийсний дараа гараа угааж дүүгээ болон дүүгийнхээ тоглоом, эд зүйлст хүрэх
• Ханиах, найтаахдаа нэг удаагийн цаасан алчуураар амаа таглах. Ханиах найтаах үед вирус агаарт цацагдаж түүгээр нь хүүхэд амьсгалдаг.
• Гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийж тоос тоосонцоргүй орчин бүрдүүлэх, тамхи татахгүй байх
• Хоол хүнсээ амнаас аманд хийхгүй байх, хүүхдийн аяга халбага тусдаа байх
Харин 0.25%-ийн оксолиновая мазь хэмээх вирусын эсрэг тос нь зөвхөн ОХУ-д үйлдвэрлэдэг, өндөр хөгжилтэй орнуудад хүлээн зөвшөөрөгддөггүй бэлдмэл юм. Энэхүү тосыг хамрын арьсанд биш, салстанд өдөрт 2-3 удаа 30 хоног түрхэж хэрэглэнэ. Энэ бэлдмэл хамраар нэвтэрсэн вирусыг салстанд нэвтрэхээс хамгаалах үйлдэлтэй хэмээн оросууд нотлохыг оролддог боловч ханиад томуугийн вирус ам залгиураар орохоос сэргийлэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнчлэн энэхүү тосыг 20 хэмээс доош нөхцөлд хадгалдаг тул хөргөгчид хадгалах хэрэгтэй гэсэн үг.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …