Дорнод аймгийн Прокурорын газар зарим хүнд, онц хүнд хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлжээ.
2012 оны 05 дугаар сарын 08-ны орой 00:00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн суманд Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн, Б.Өнөболд нар нь согтуугаар бүлэглэн, танхайн сэдэлтэйгээр иргэн С-ыг зодож санаатай алсан, үл ялих зүйлээр шалтаглан иргэн Г-г зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж гэмт хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 11 тоот шийтгэх тогтоол гаргаж, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 15 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч З.Билгүүнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял тус тус оногдуулсан байна.
Мөн Насанд хүрээгүй /14 настай/ яллагдагч Э нь 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Б-ын гэрт бага насны хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан /3 настай/ Х-г хүчиндсэн гэмт хэрэг үйлджээ.
Анхан шатны шүүх 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 15 тоот шийтгэх тогтоол гаргаж, насанд хүрээгүй шүүгдэгч Э-г бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 15 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Мөн Ц.Сансар нь 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр жолооч Э-г такси үйлчилгээнд явж байхад нь Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах оршуулгын газарт хүргүүлэхээр яваад буцах замдаа Э-г зодож, хутга, автомашины түлхүүр зэргийг зэвсгийн чанартай ашиглан айлган сүрдүүлж, хүч хэрэглэн танхайрч, улмаар давтан үйлдлээр хүчиндсэн гэмт хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т зааснаар, мөн тус хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар тус тус яллагдах бүрэн үндэслэлтэй гэж үзэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 05/205 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13 тоот шийтгэх тогтоол гаргаж, шүүгдэгч Ц.Сансарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т зааснаар 6 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлзх нийт ялын хугацааг 7 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.