Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг хэсэгтээ бичигдэж синсаци, шуугианы эзэн болдог хүнийг “хэвлэлийн баатар” хэмээн өргөмжлөөд байгаа. Тодруулбал саяхныг хүртэл ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн гэх залуугийн талаар бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайнтай, муутай мэдээлэл цацагдаж байсан. Харин түүнийг ЗГХЭГ-ын дэд даргын ажлаа хүлээлгэн өгснөөс нь хойш нам жим боллоо.
Тэгсэн Г.Дэнзэнг мартсан хэвлэлүүд Х.Цогнойжамц гэх нөхрийг “алдаршуулж” эхлэв. Түүний үүх түүх, эрхэлдэг ажил, ар гэр, хобби, зан араншин гээд л бүгдийг нь нийтэлж байна. Ёстой л жинхэнэ утгаараа “хэвлэлийн баатар”, бичвэрийн гол сэдэв болж байна л даа.
Тэгвэл Х.Цогнойжамц яаж яваад хэвлэлийнхэнтэй тааралдчихав аа гэсэн энэ явдал бүгд УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго их хэмжээний төгрөгийн гүйлгээ хийснээс эхлэлтэй болж таарав. Яахав, Ё.Отгонбаярыг УМБГ-аас шалгаж байтал эхнэр нь дөрвөн банкаар 26 удаагийн их хэмжээний мөнгөтэй гүйлгээ хийж анхаарлыг нь татаж л дээ.
Тэгээд л Ё.Отгонбаярыг шалгах үйл ажиллагаанд мөрдөн байцаагчид ханцуй шамдан орсон хэрэг. Тэгсэн Х.Цогнойжамц гэх нөхөр “Намайг Ё.Отгонбаяр авлига өг гэж дарамтлаад, өгөхгүй болохоор нь бүлэг хүмүүсээр Энхтайвны гүүрэн дээр зодуулсан” хэмээн гомдол бичээд өгчихсөн байж таарч. За энэ үеэс л Х.Цогнойжамц гэж хэн бэ? Яагаад төрийн өндөр албан тушаалтан түүнээс авлига авахыг хүсч, улмаар хүч хэрэглэх болов гэх яриа гарч, удалгүй үүний тайлбарыг ч хийж эхэллээ.
Тодруулбал, Х.Цогнойжамц Налайх дүүрэгт өөрийн хөрөнгөөр 119 дүгээр сургуулийн барилгыг барьж. Тэгээд хүлээлгэж өгөх гэтэл тухай үеийн сайд Ё.Отгонбаяр 230 сая төгрөг нэхсэн. Өгөхгүй болохоор нь хэсэг залуусаар айлгасан байна. Гэхдээ айлгах үйл ажиллагааг Ё.Отгонбаяр биш А.Чинбат гэх хүн гардан зохион байгуулсан болох нь тогтоогдож одоогоор түр саатуулагдаад байгаа билээ.
А.Чинбат нь Ё.Отгонбаярын багын найз, “Чин ван” гэх барилгын компанийн захирал.
Тэгвэл А.Чинбат Х.Цогнойжамцыг дарамтлах ямар шаардлага байсан бэ. Энэ талаар нэгэн мэдээлэл хэвлэлээр явж байгаа бөгөөд “А.Чинбат нь барилгын техникумын найз Х.Цогнойжамцын гуйлтаар түүнийг Ё.Отгонбаяртаа танилцуулсан байна. Улмаар Х.Цогнойжамц нь сургуулийн барилга барих зөвшөөрөл авсны хариуд Ё.Отгонбаярт эсвэл А.Чинбатад 230 сая төгрөг өгөх ёстой байж л дээ. Гэвч мань хүн Засаг солигдоод эхэлмэгц зангаа хувиргаж, нүүрээ буруулсан байх юм. Тиймээс хоёр нүүртэй, луу унждаг нөхөрт багахан сануулга өгсөн нь өнөөдөр УМБГ-т мөрдөгдөх хүртлээ газар авчихаад байгаа аж.
За энэ мэдээллүүд бүгд таамаг, мөн өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй мэдээлэл дээр тулгуурлан гаргасан дүгнэлт юм. Түүнээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэн буруутай, хэн нь бурууг тогтоох хууль хүчний байгууллага биш. Харин энэ нийтлэлийн гол зорилго нь Х.Цогнойжамц гэх хүн хаанаас гарч ирээд “хэвлэлийн баатар” болчихов оо гэдгийг л тодруулах гэсэн юм.
Эх сурвалж: Оллоо.мн