Монгол Улсын эдийн засгийн бодлого боловсруулалтыг сайжруулах зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Мянганы хөгжлийн институтийн шинжээчдийн багтай хамтран боловсруулсан “Макро эдийн засгийн Т21 загвар”-ыг танилцуулах семинар өнөөдөр /2015.01.27/ Төрийн ордонд боллоо.
Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Томас Эриксон, Мянганы институтийн загварчлал болон шинжилгээ хариуцсан захирал доктор Вейшуан Чу болон төслийн баг, яамдын бодлого, төлөвлөлтийн мэргэжилтнүүд оролцов.
Тус арга хэмжээг нээж Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь үг хэлсэн. Тэрээр олон улсад ашиглагдаж байгаа хөгжлийн загварчлалыг Монгол Улсад тохируулан боловсруулсан гэдгийн онцолсон юм.
Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулах, хөгжлийн стратеги боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсгийг Улсын Их Хуралд суудалтай гурван намын бүлгийн дарга ахалж байгаа юм. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Үндэсний хөгжлийн хүрээлэнд дэд ажлын хэсэг байгуулагдаж, холбогдох бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга нар оролцсон Ажлын хэсэг жил гаруй хугацаанд ажиллаж байгаа.” гэв. Мөн тэрээр Монгол Улсын хөгжлийн стратеги, урт хугацааны бодлогыг тодорхойлох олон ажил хийгдэж байгаа бөгөөд эдгээрийн хоорондын уялдаа, холбоог сайжруулан, нэгдсэн үр дүнтэй байх тал дээр анхаарах ёстой гэв.
Мянганы институтийн загварчлал болон шинжилгээ хариуцсан захирал доктор Вейшуан Чу Монгол Улсад зориулан боловсруулсан “Макро эдийн засгийн Т21 загвар”-ыг танилцуулсан юм. Хөгжлийн Т21 загвар нь 20 гаруй жилийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр гарсан бөгөөд эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны үзүүлэлтүүдийг нэгдсэн байдлаар загварчилж салбар хоорондын уялдаа холбоог хангасан байдгаараа онцлогтой аж. Тус загвар нь хөгжлийн хэтийн төлөвийг урт хугацаанд, цогц байдлаар харуулах бөгөөд төсвийн төлөвлөлт болон бусад богино, дунд хугацааны төлөвлөлтөд ашигладаг. Энэ загварыг Монгол Улсад нутагшуулахаар 2012 оноос эхлэн ажиллаж байгаа юм. Монголын Т21 загвар нь нийт 60 дэд салбарыг хамарч байгаа бөгөөд эдийн засаг, нийгэм, байгаль орчны үзүүлэлтүүдийг цогц байдлаар хамруулсан байна. Мянганы институтийн “Макро эдийн засгийн Т21 загвар”-аар хөгжлийн бодлогоо дунд, урт хугацаагаар төлөвлөн ашиглаж буй 40 гаруй улс бий. Эл загварыг 1994 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн техникийн дэмжлэгтэйгээр АНУ-ын Мянганы институтээс боловсруулж байжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.