Дэлхийд нэр хүндтэй “Ройтерс”, “Yahoo” агентлагууд Хятадын дарангуйлалд зовж буй Өвөрмонголын ард түмний талаар онцолжээ.
Өвөрмонголчууд удамжлалт соёл, газар нутгаа хамгаалж үлдэхийн төлөө тэмцсээр байна. Хятадын Засгийн газраас бэлчээрийг булаан эзлэж буйг эсэргүүцсэн малчдын тэмцэл туйлдаа хүрчээ. Тухайлбал, газрыг хууль бусаар булаан авсаныг эсэргүүцсэн 45 настай малчин Төмөр төр захиргааны ордны хаалган дээр өөрийгөө боомилсон хэрэг гарсан талаар Өвөрмонгол дахь Хүний эрхийн мэдээллийн төв дамжуулав.
Төмөрийн ар гэрийнхнээс утсаар авсан мэдээллээр энэ явдал үнэн болох нь батлагдлаа гэж Ройтерс уламжилжээ. Мөн тосгоны оршин суугчид болон Төмөрийн хамаатнуудад түүний үхлийн талаар нийтэд дэлгэхгүй байхыг Засгийн газраас анхааруулсаны зэрэгцээ Шилийн гол аймгийн удирдлагууд энэ талаар ам нээхгүй байгаа гэж “Yahoo” агентлагт дурдсан байна.
Өвөрмонголын 24 сая хүн амын 20 хувийг уугуул Монголчууд эзэлдэг. Гэвч уул уурхайн төсөл хэрэгжсэний улмаас газар нутагт нь цөлжиж, өвс ургамал гундаж байгаад нутгийн иргэд харуусдаг юм. Хятадын Засгийн газар орон сууц барих зорилгоор газрыг булаан авах нь ихэсчээ.
Өвөрмонголын автономит муж нь өөртөө засах статустай боловч Хан үндэстний Хятадууд эдийн засгийн хөгжлийн үр шимийг илүү давуу байдлаар хүртдэг. Энэ нь тэмцэл өрнүүлэх цаад шалтгаан юм. Хятадын эх газрын 12 хувийг бүрдүүлж, нүүрсний нөөцөөрөө улсдаа тэргүүлдэг Өвөрмонголыг хараат байлгах нь Коммунист намын хувьд ач холбогдолтой. Тэр утгаараа малчдын тэмцлийг хүчээр нухчин дардаг билээ.
2011 онд нүүрсний уурхайн бохирдлыг эсэргүүцэн тэмцэж байсан монгол малчинг ачааны машинаар дайрч хөнөөсөн хэрэг гарсан юм. Гэсэн хэдий ч нутгийн иргэд бууж өгсөнгүй. Нийслэл Хөх хотын төрийн ордны үүдэнд 300 гаруй малчин цугларч, газар нутгаа буцаан авахаа мэдэгдлээ.
Эх сурвалж: 24tsag.mn