Л.Наранбаатар: З.Энхболд огцрох ёстой

naranbДАРХАН-УУЛ АЙМГИЙН АН-ЫН ДОТООД ЭВ НЭГДЭЛД ЦАВ СУУЖ, ОЛОН ЖИЛ ҮРГЭЛЖЛЭН УЖГИРЧ БАЙНА. ТЭД УДИРДЛАГУУДАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ ӨӨР ХООРОНДОО ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХ, ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ ЗЭРГЭЭР ТЭМЦЭЛДЭЖ БАЙГАА. НАМЫН ДОТООД АСУУДАЛ НЬ ДАРХАНААС ХАЛЬЖ ХЭДЭН ЗУУН ГИШҮҮД ХОТОД ИРЖ НАМЫН БАЙРНЫХАА ГАДАА ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ХИЙЖ, НАМЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХАА МЭДЭГДЭЭД БАЙГАА. ИНГЭЭД ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АН-Д ЯГ ЮУ БОЛООД БАЙГАА ТАЛААР Л.НАРАНБААТАР ДАРГААС ТОДРУУЛГА АВСНЫГ ТОЛИЛУУЛЪЯ!

-2013 оны дөрөвдүгээр сард танай намын зөрчил арилж, та намыг удирдахаар боллоо гэсэн. Гэтэл өнөөдөр зөрчил үргэлжилсэн хэвээр. Тухайн үед та намыг яаж нэгтгэж байсан юм бэ? 

-Намайг 2012 оны хоёрдугаар сард намын дарга болох үед хоёр тамга, хоёр намын байртай байсан. Тамганууд УХ31791 дугаартай. Хоёул хүчинтэй. Ялгаатай тал нь нэг тамга нь дундаа дугуй хүрээтэй, нөгөө нь хүрээгүй. Дугуй хүрээтэй тамга миний нөгөө талын намд байсан юм. Би хүрээгүй тамгыг нь барьж байсан.

2013 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намын эв нэгдлийг хангах зургаан талт гэрээг фракцууд хийж, намын даргаар нь намайг сонгож, таван дэд даргатайгаар би Ерөнхийлөгчийн сонгуулийн штабыг  удирдаж ажиллахаар болсон.

Ингэхдээ хоёр зүйлийг тэр фракцуудын толгойлогч дэд дарга нарт тулгасан. Нэгд, Нэгдэж ажиллаад ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал би болон та нар дахин намын удирдлагад алба хашихгүй шүү, Хоёрт, цаашид эв нэгдлийг шударгаар хангахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буюу 2013 оны есдүгээр сард намын хороогоо бүрэн бүрэлдэхүүнээр нь татан буулгаад сонгуулийн зарчмаар шийдвэрлэе гэсэн. Ингээд нөгөө талын намын байр, хаягийг буулгаж, тамгыг нь миний барьж байгаа тамгаар явъя гэсэн тохироог хийсэн. Өөрөөр хэлбэл дундаа дугуй хүрээгүй тамгаар.

Тухайн үед нөгөө талын барьж байсан тамгыг хүчингүй болгож чадаагүй. Ингээд сонгуульд орсон. Ялсан. Намаа нэгтгэсэн зорилго нь Ерөнхийлөгчийнхөө өндөр яваа сонгуулийн рейтингд намын хагаралтай байдлаас болж нөлөөлөх сөрөг нөлөөллийг нь бууруулахын тулд хийсэн алхам. Хэрвээ ялж чадаагүй бол миний хувьд өөрийн хүсэлтээр хийсэн эв нэгдлийн гэрээнийхээ дагуу огцрох л байсан. Тэр үед зорилгодоо хүрсэн.

Орон нутаг, их хурлын сонгуулиудад намын хагарлаасаа болж дараалан хэд хэдэн ялагдал хүлээж, гишүүдийн намдаа итгэх итгэл ихэд суларсан байлаа. Ялалтын дараа гишүүд нэгдэж ажилласнаараа бахархаж, нүдэнд нь бид нэгдвэл ялах боломжтой юм байна гэсэн бат итгэл сууж байгааг анзаарсан.

Дарханд намын нэр хүнд илт сэргэж байлаа. Харамсалтай нь эв нэгдлийн гэрээний хоёр дахь амлалт нь буюу аймгийн намын хороогоо сонгуулийн зарчмаар дахин бүрэлдүүлж, удирдлага зохион байгуулалтаа шинэчлэх зорилт биелээгүйгээс намын хагарал зөрчилдөөнтэй байдал дахин хурцадсан.

-Тэгэхээр намын хороогоо дахин бүрэлдүүлэх тэр сонгууль болоогүй гэсэн үг үү? Яагаад хоёр дахь амлалт нь биелээгүй юм бэ? 

Гэрээний тэр заалтыг биелүүлэхгүйн тулд Н.Мөнхдаш, Г.Гантулга нар намайг 2013 оны долдугаар сарын 19-д намын даргаас буулгаж Н.Мөнхдаш намын дарга болсон.

Өнгөц харахад би өөрөө өргөдлөө өгсөн мэт харагддаг. Хөшигний цаана олон бохир зүйл болсон. Тэрийг би энд хэлээд яахав.

Хөшигний цаана олон бохир зүйл болсон. 

Дараа нь мөн гэрээний нэг тал болох Г.Баянмөнхийг намаас хөөсөн, мөн МоАХ-ын дарга М.Төмөртогоог хэрэг түвэгт орооцолдсон гэх шалтгаанаар залуучуудыг шахсан.

Эв нэгдлийн гэрээний дагуу сонгуулиас өмнө намын удирдлага солих асуудал байхгүй байсан. Ингээд 2013 оны есдүгээр сар өнгөрсөн. Намын хорооны сонгууль явуулах хугацаа дууссан гэсэн үг. Гэтэл сонгууль болсонгүй. Намын гишүүд маш их бухимдаж олон зуугаараа босож эсэргүүцсэн.

Хүн зодож ял эдэлж байсан ах дүү Дашуудаар намаа удирдуулахгүй, сүүлийн хоёр удаагийн орон нутаг, их хурлын сонгуульд ялагдлаа, багийн засаг даргад 18 суудлаас нэг ч төлөөлөлгүй боллоо. Нам дампуурч байна гэж гишүүд бослого тэмцэл хийж бужигнацгаасан.Энэ бужигнаан дунд гишүүдээс олон өргөдөл намын Хяналтын Ерөнхий Хороонд ирсэн юм билээ.

Хяналтын Ерөнхий Хороо 2013 оны долдугаар сарын 19-ны өдрийн хурлын тогтоолыг хүчингүй болгож, эв нэгдлийн гэрээг хэрэгжүүлэхийг Ц.Оюундарьт даалгасан.

Энэ шийдвэрээр Н.Мөнхдашийг намын дарга болгосон тогтоол мөн хүчингүй болсон. Н.Мөнхдаш тамгаа өгөлгүй зугтсан.Одоо Н.Мөнхдашд миний барьж байсан дундаа дугуй хүрээгүй тамга нь байгаа. Тэр тамгыг генсек Оюундарь хүчингүй болгох албан бичгийг Нийслэлийн Цагдаад явуулсан байдаг.

-УБ хотод олон зуун гишүүд ирж бослого тэмцэл хийж, 10-аад хүн өлсгөлөн хүртэл зарлаж байсныг санаж байна. Тэгээд 2014 оны гуравдугаар сард намын хороогоо шинэчлэх сонгууль боллоо гэсэн. Сонгууль яаж явагдсан юм бэ? 

-Намын гишүүд залуучуудад болон сумдын намын дарга нарт хүсэлт тавьснаар намаа шинэчлэх хөдөлгөөн Дарханд байгуулагдсан. Дархан дөрвөн сумтай. Сумдын намын бүх дарга нар, аймгийн АЗХ, ахмадын холбоо, МоАХ бидэнтэй нэгдсэн. Судалгаагаар намын гишүүдийн 92% нь өөрчлөлтийг хүсэж байсан. Гэвч Н.Мөнхдаш сонгууль явуулахгүй, ханцуйн доороо наймаалцаж тохиръё гэсэн. Би тэр үед АН ийм муу жишиг тогтоож болохгүй.

Асуудлыг шударгаар шийдэхийн тулд шударга сонгууль явуулах тал дээр шинэчлэгчид хатуу байр суурьтай гэдгээ хэлсэн. Ингээд шаардлага хүлээж аваагүй учраас залуус, ахмадууд нийлсэн 11 хүн 2013 оны арванхоёр сард таван хоног өлсгөлөн зарласан.

Улаанбаатарт 300 орчим гишүүд эсэргүүцлийн жагсаал хийсэн. 20 хоног үргэлжилсэн улс төрийн суулт УБ болон Дархан дахь намын байранд болсон. Шаардлага нь ердөө л эв нэгдлийн гэрээний дагуу шударга сонгууль явуулж, намын хорооны удирдлага зохион байгуулалтаа шинэчлэх явдал байсан. Тэр сонгуулиар бид ялагдвал зайгаа тавиад л явах байсан.

2013 оны арванхоёр сарын 24-нд аймгийн намын хороо хуралдаж 2014 оны гуравдугаар сард намын хороог бүрэлдэхүүнээр татан буулгаж, сонгууль явуулах шийдвэр гарсан.

Гэхдээ сонгууль зохион байгуулдаг Сонгуулийн Нутаг Дэвсгэрийн Хорооны таван гишүүнийг бүгдийг нь Н.Мөнхдаш томилж, сонгуулийг удирдах нөхцөлтэйгөөр. Сонгуулийн хороондоо шинэчлэгчдийн талаас нэг ч хүн оруулаагүй. Сонгуулийн дүн мэдээг хаалттай өрөөний цаана Н.Мөнхдаш нэгтгэнэ гэсэн үг. Гэхдээ бид сонгуульд орсон.

-Сонгуулийн үр дүн яаж гарсан бэ? 

-Бид үнэмлэхүй ялсан. Гэтэл Дархан суманд асуудал гарсан. Дархан сумын Сонгуулийн хэсгийн хороо гэж байгууллага нь Дархан сумын намын зөвлөлөөс байгуулагддаг намын дүрэмтэй. Аймгийн намын хорооны 99 гишүүний 75-г нь эндээс сонгодог. Гэтэл Н.Мөнхдаш О.Цолмон гэж хүнд тамга хийж өгөөд, тэр нь өөрийгөө сумын намын дарга гээд сонгуулийн хэсгийн хороо байгуулчихсан, тэндээ Н.Мөнхдаш нарын цөөн хэдэн хүмүүсийн саналыг авсан, тоолсон болоод дүн мэдээг Сонгуулийн Нутаг Дэвсгэрийн хороонд өгчихсөн байсан.

Гэтэл эндээс албан ёсны Б.Баяраа гэдэг намын даргатай сумын намын зөвлөлөөр сонгогдсон сонгуулийн хэсгийн хороонд 3000 орчим гишүүд саналаа өгсөн дүн мэдээг нэгтгэн мөн Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороонд өргөн барьсан. Ийнхүү жинхэнэ болон хуурамч хоёр сонгуулийн хэсгийн хорооны дүн мэдээгээр аймгийн намын хороо 2 хуваагдаж хуралдсан.

2014 оны аравдугаар сарын 13-ны өдөр Хяналтын Ерөнхий Хороо өргөдлийн дагуу хуралдаж Б.Баяраа нь Дархан сумын намын дарга байна, О.Цолмонгийн хурал хүчингүй, тамга хүчингүй гэдэг шийдвэр гаргасан. Энэ бол маш шударга шийдвэр байсан. Бүх сумдаас сонгогдсон намын хорооны жинхэнэ гишүүд 2014 оны гуравдугаар сарын 22-д анхдугаар хурлаа хийж намайг намын даргаар сонгож, хэрэг эрхлэх газар, зөвлөлдөх зөвлөл, хяналтын салбар хороо, сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо зэрэг бүтцээ намын үндсэн дүрмийн дагуу байгуулан нам үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Намын байраа гишүүдийнхээ хандиваар засаж, тохижуулсан. Ардчилсан хувьсгалын ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Намын дэргэд судалгааны зөвлөл ажиллуулж бодлогод суурилсан, манлайлалтай намыг бий болгохоор ажиллаж байна.

-Саяхан АН-ын дотоод сонгуулийн хороо хуралдаж Н.Мөнхдашийн санал болгосон хүмүүсийг Дархан-Уул аймгийн АН-ын сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны гишүүдээр баталсан байна. Яагаад Н.Мөнхдашийн санал болгосон хүмүүсийг батлав?

-2014 оны гуравдугаар сард Дархан-Уул аймгийн АН-ын хорооны бүх гишүүдийг анхан шатны үүрүүдээс нь сонгох сонгууль болж, намайг намын даргаар сонгон, нам шинэ бүрэлдэхүүн, шинэ удирдлага зохион байгуулалтаар ажиллах болсон гэж би хэлсэн. Харамсалтай нь намын дарга З.Энхболд тус сонгуулийн үр дүнг үл тоож, Дарханы АН-ыг Н.Мөнхдаш шүүхийн өмнө төлөөлнө гэсэн утгатай итгэмжлэл гаргаснаас бүх будилаан үүссэн.

Улмаар АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр 2013 оны долдугаар сард Н.Мөнхдашийг намын даргаар сонгож байсан өмнөх хүчингүй тогтоолыг барьж, Л.Наранбаатар намын дарга биш Н.Мөнхдаш намын дарга гэх албан бичгээр Дотоод Сонгуулийн хороонд хандаж, Дарханы Сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны гишүүдийг нууцаар, дүрэм бусаар Н.Мөнхдашийн талд томилуулсан байна лээ. Н.Мөнхдашийг намын даргаар сонгосон гэх тэр 2013 оны хурлын тогтоол нь Хяналтын Ерөнхий Хорооны шийдвэрээр хүчингүй болчихсон тогтоол. Тэгэхээр Н.Мөнхдаш намын дарга биш манай намын жирийн л нэг гишүүн.

Түүний баг 2014 оны гуравдугаар сарын намын хороог шинэчлэх сонгуулиар бүхэлдээ ялагдал хүлээсэн ч Н.Мөнхдаш тамгаа хүлээлгэж өгөөгүй өдий хүрсэн. Арга ядаад генсек байсан Ц.Оюундарьт хүртэл аймгийн намын тамгыг хүлээлгэж өг гэж хандаж байсан.

Оюундарь тамга хүчингүй гээд Нийслэлийн Цагдаад албан бичиг явуулсан гээд арга хэмжээ аваагүй. З.Энхболд, Л.Эрхэмбаяр, Н.Мөнхдаш нарын хавсайдсан эл увайгүй үйлдэл нь өөрөө намын үндсэн дүрмийг зөрчиж, анхан болон дунд шатны намын байгууллагын удирдлагыг томилгоогоор, дүрмийн бусаар шийддэг ийм коммунист маягийн муу жишиг бий болголоо.

Би намын дарга байх нь сонирхолтой зүйл биш. Олон мянган гишүүд сонгуулийн зарчмаар итгэл хүлээлгэж, хариуцлага үүрүүлж байгаа болохоор хүндэтгэж, энэ ажлыг хийж байгаа. Намаа шинэчлэхийн төлөө сонгуульд саналаа өгсөн олон мянган гишүүний хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшлийг ашиг сонирхлоороо хэлхэлдсэн хэдэн дарга дүрэм бусаар нухчин дарж, таслан зогсоочихно гэж эндүү бодож байгаа бололтой.

З.Энхболд дарга, үүрэг гүйцэтгэгч генсек Л.Эрхэмбаяр нар эл үйлдлээрээ дүрмийн дагуу сонгогдсон бүхэл бүтэн аймгийн намын хорооны 99 гишүүнийг үгүйсгэж байна. Тэгээд асуудлыг Л.Наранбаатар гэсэн хувь өнцгөөс харж, хар пиараар буудаж, намайг ардын намын гар хөл гэх зэргээр гутаан доромжлох алхам хийж байгаа. Намайг тэгж доромжилж болно. Би эмзэглэхгүй. Гагцхүү энэ сонгуулийн ард олон мянган гишүүд та нарт итгэл алдарч байгаа шүү гэж л хэлье!

-З.Энхболд, Л.Эрхэмбаяр, нар яагаад ийм дүрмийн бус үйлдлийг дэмжээд байна вэ? 

-З.Энхболд дарга 2012 онд жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Дархан-Уул аймагт 2016 онд нэр дэвших сонирхолтой байсан учраас Н.Мөнхдаштай сонгуулийн тохироогоо хийж, намыг дүрэмгүй бужигнуулж байна. Нөгөө талаар Н.Мөнхдаш нь Дарханы шонхор фракцын толгойлогч учраас фракцын бодлогоор дэмждэг.

З.Энхболд дарга 2012 онд жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон.

З.Энхболд намын дарга болоод жагсаалтаар УИХ-ийн гишүүн болох боломж нь дахин нээгдсэн. Одоо л нэг манай аймгийн намыг үймүүлэхээ болих байх гэтэл бүр эсрэгээрээ боллоо. Бидний зүгээс З.Энхболдыг дэмжиж байсан. 2016 оны сонгуульд Дарханаас нэр дэвшвэл нэг ч гэсэн УИХ-ын гишүүний дэмжлэг аймагт маань ирнэ дээ гэж бодож байлаа.

Одоо тэр 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг намаасаа авахын тулд шөнө ч нойр нь хүрэхгүй байгаа. Тэр нь мэдээж ҮЗХ-ийн гишүүдээс оноо цуглуулах. Дарханаас ҮЗХ-д 9 төлөөлөл байдаг болохоор боломжийг алдахгүйг хүснэ. Тэрнээс биш түүнд аймгийн АН орон нутагтаа ялалт байгуулах эсэх нь сонирхолтой асуудал биш. Л.Эрхэмбаяр бол З.Энхболд даргын саналаар генсекийн үүрэг гүйцэтгэж байгаа. Л.Эрхэмбаяр намыг хагалж, бутаргаж сонгуульд ялагдуулахдаа гаршсан хүн.

Н.Мөнхдаш ч адил. Орон нутгийн хэдэн ч сонгуульд ялагдав. УИХ-ын гишүүний хэдэн ч суудлыг алдав. Гэтэл энэ мэтийн намын хариуцлага хүлээх ёстой нөхдүүд дээшээ дэвшээд л байдаг. Хүмүүс З.Энхболд даргыг шударга, зарчимч гэж боддог. Энэ шударга байдлаа эхлээд ардчилсан намдаа үзүүлж, манлайлах хэрэгтэй. Тэрнээс биш намын баяр дээрээ Н.Мөнхдашийн хийсэн тэмдгээр энгэрээ мялаалгаад баясаж зогсоно гэдэг манлайлал биш байх.

-Н.Мөнхдашийн нэр төрд халдлаа гэж хуулийн байгууллага танд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн?

Намайг намын асуудлаар хэвлэлээр ярилцлага өгөх болгонд цагдаагийн байгууллага дуудаж байцаалт авдаг. Магадгүй энэ ярилцлагын дараа ч гэсэн дуудах биз. Бүтэн өдөржин ажил төрлөө алдан цагдаагийн хаалга сахиж байцаагдана гэдэг амаргүй.

Заримдаа хүлээлгэж хүлээлгэж байцаах ч үгүй явуулна. Эндээс нэг жишээг дурдахад Н.Мөнхдаш би Л.Наранбаатарт зөвлөгөө өгч байсан чинь тэр яриаг минь бичиж аваад хэвлэлийн бага хурлын үеэр олон нийтэд сонсгож, намайг гомдоолоо, иймээс Л.Наранбаатарыг эрүүгийн хэргээр ялла гэж хэрэг үүсгүүлсэн байсан.

Тухайн үед дүүргийн анхан болон дунд шатны прокурорууд хянаад Л.Наранбаатар баримт нотолгоотой зүйл ярьсан байх тул түүнд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзлаа гэсэн юм билээ. Үүнийг би над дээр хэрэг үүсгэснээс нь хойш 8 сарын дараа мэдсэн. Гэтэл Нийслэлийн ерөнхий прокурор хэргийг татаж аваад Л.Наранбаатарт эрүүгийн хэрэг үүсгэж, дахин шалга гэсэн. Дарамтлуулсан хүн нь би байтал эсрэгээрээ чи хүн гомдоосон байна гэж яллах гээд байгааг ерөөсөө ойлгохгүй байгаа.

Саяхан олон нийтийн сүлжээгээр Н.Мөнхдаш МҮОНРТВ-ын захирал М.Наранбаатарыг дарамталжээ гэх бичлэг цацагдсан нь шуугиан тарьсан. Бичлэгт Наранбаатараа чи улс төр гэдэг хатуу тоглоомд орлоодоо, би чиний гэр бүл, ах дүү хамаатан садан, бүх зүйлийг чинь судлана за, чи май гээд хүнд сая доллар өгч чадах уу гэх зэргээр дарамталж байгаа яриа байна лээ. Гэтэл Н.Мөнхдаш саяхан хэвлэлийн бага хурал зарлаж тэр бичлэгт би телевизийн М.Наранбаатартай биш намын дарга гэх Л.Наранбаатартай ярьж байсан гэж өөрөө мэдэгдсэн.

-Юунаас болж таныг дарамталсан юм бэ? 

-Тийм бичлэг олон нийтийн сүлжээгээр явж байгааг харсан. Гэтэл тэр бичлэгт гарсан яриа нь Н.Мөнхдаш М.Наранбаатарыг биш намайг дарамтлаж байсан яриа нь байсан. Хэн нэг нь надтай андуураад М.Наранбаатарын зургийг эвлүүлээд тавьчихсан байна лээ. 2013 оны арваннэгдүгээр сард MN -25 телевизэд хэвлэлийн бага хурал хийж байх үедээ би гар утасны бичлэгийг нийтэд ил болгосон. Тухайн үед бичлэг бараг л бүх телевизээр гарсныг санаж байна.

Би Н.Мөнхдашаас ирж байсан тодорхой дарамтуудаас гэр бүлээ хамгаалах зорилгоор тухайн үед хэвлэлийн бага хурал дээр бичлэгийг сонсгосон. Тэрнээс биш түүний мууг үзэж, дарамталсан хэргээр нь цагдаад хандаад яах вэ л гэж бодсон. Бичлэгийг тухайн үед намайг хамгаалалтад авсан байсан гэрээт хамгаалалтын ажилтан хийсэн. Дарамталсан шалтгаан нь намайг Хонгор сумын ИТХ төлөөлөгчийн нөхөн сонгуульд өрсөлдүүлэхгүй гэж тэр. Би тэр сонгуульд нэр дэвшээгүй. Н.Мөнхдаш нэр дэвшин өрсөлдөөд ялагдаж, МАН-д суудал бэлэглэсэн.

Хэвлэлийн хурал дээр танай намын дотоод сонгуулийн хорооны гишүүн Г.Гантулга таныг намаасаа гарсан, намын гишүүн биш, Дархан-Уул аймгийн МАН-ын дарга С.Насанбатаас ажил авч санхүүждэг, АН-аас нэр дэвшсэн гурван төлөөлөгч шүүхээр ялалт байгуулаад олонх болж яг засаг авах гэж байхад МАН-ын даалгавраар энэ бүгдийг хийж, бужигнуулж байна гэж шүүмжилсэн? 

Би энийг шүүмжлэл биш гүтгэлэг гэж хэлнэ. Тиймээс нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан байгаа. Энэ бол намайг төдийгүй Дарханд өөрчлөлт шинэчлэлтийг хүсэж,дэмжиж байгаа олон мянган намын гишүүд, дэмжигчдийн итгэлийг башир аргаар зогсоох гэсэн оролдлого.

Би дахин хэлье! Намайг гүтгэх яах вэ? Бүхэл бүтэн аймгийн намын хороог байхгүй болгохоор улайрч байгаа чинь арай л дэндүү байна шүү. Намын удирдлагууд ийм уваагүй үйлдлийг дэмжээд байвал 2016 онд нам ялахад хэцүү.

-Таныг намаас гарсан гэх баримтыг олон нийтийн сүлжээгээр харсан?

-Би Дархан сумын АН-ын гишүүнчлэлээс татгалзаж, Шарын гол сумын АН-д элссэн. Тэр Дархан сумын АН-аас татгалзсан өргөдлийг намын гишүүдэд харуулж Л.Наранбаатар намын гишүүн биш гэж хэлээд байгаа юм.

Миний Шарын гол сумын АН-д элссэн өргөдөл, намын гишүүний батлах маань энэ байна (харуулав).Би чинь Шарын гол суманд төрж, өссөн унаган хүүхэд нь шүү дээ. Намын гишүүнийхээ батлахаас төрсөн нутгийнхаа нэрийг харж, явах надад сайхан байдаг.

-Намын даргын төлөө өлсгөлөн зарлаж, сандал суудалд хүрэх гэсэн арга ядсан байдал чинь залууст муу үлгэр болж байна гэх шүүмжлэлийн тухайд?

-Би уул уурхайн инженер-эдийн засагч мэргэжилтэй. Миний хувьд улс төрийг сонгосон шалтгаан нь өөрийн мэргэжлээрээ улс орондоо, салбартаа бодлогын том өөрчлөлтүүд хийж, үр дүнг нь үзэх амбиц. Ер нь залуус зорилготой, амбицтай байх хэрэгтэй. Би Зорилгодоо хүрэхийн тулд олон сорилттой тулгарна гэдгээ мэдэж, ухамсарлаж бас амсаж явна. Дарханы АН-ыг шинэчлэх энэ тэмцэл бол сандал, суудлын төлөөх тэмцэл огт биш. Зорилгодоо хүрэхэд тулгарсан нэг жижиг даваа гэж харж байгаа.

Би Дарханы хүүхэд учраас нутгийн маань иргэдийг ядууруулж байгаа МАН-ДАШ бүлэглэлийн үйл ажиллагааг тэвчихгүй. МАН-ДАШ чууд том хар машинтай, том хаусуудтай, хотын паркаас нь авхуулаад өнгөтэй өөдтэй бүх газар, объектуудыг өөрсдийн болгосон.

Тэд маш их эрх мэдэлтэй, хууль шүүхийн байгууллагуудад нөлөөтэй, төрийн өндөрлөгүүдийн ивээлд багтдаг.

Ер нь залуус зорилготой, амбицтай байх хэрэгтэй.

Төсвийн мөнгөөр Дубайд тансаглаж, төсөл тендер цохиж амьдардаг энэ празитуудаас салбал аймаг маань ядуу, ажилгүй иргэд олонтой гэдгээрээ бусад аймгуудаас сүүл мушгидаг аймаг байхаа болино. Олон мянган иргэд АН-ын шинэ үеийн залуусыг эрүүл улс төрийн манлайллаар, аймгаа ядуурлаас гаргана гэдэгт итгэж байгаа.

-Саяхан З.Энхболд даргыг намын даргаас нь огцруулах жагсаалыг танай Дарханы АН-ынхан хийнэ гэж мэдэгдсэн ч тийм зүйл болсонгүй. Намын даргаа батламжилж ч амжаагүй байхад нь огцруулна гээд жагсах шалтгаан чинь дунд шатны намын жижиг хэрүүл болохоор утгагүй зүйл шиг? 

З.Энхболдыг огцруулах асуудал манай намын хэрүүлтэй холбоогүй. Гол нь 1990 оны ардчилсан хувьсгалын нэг зорилгыг бид мартжээ. Тухайн үед ардчилагчид нам, төр хамтдаа байж болохгүй, салгах хэрэгтэй, төрийн дээр нам сандайлаад байна гэж шүүмжилж байж.

Түүхийн номноос уншихад БНМАУ-ын Ардын Их Хурлын Депутатуудын дарга бөгөөд МАХН-ын улс төрийн товчооны дарга тэр гээд л намын даргынх нь гуншин үргэлжилсэн байдаг. Өнөөдөр 25 жилийн дараа байдал яг хэвээрээ. УИХ-ын дарга бөгөөд Ардчилсан намын дарга гэх гуншин. Өнөөдөр төрийн дээр нам биш бүр фракциуд сандайлж гараад самарч байгааг бид харж байна. 25 жилийн өмнө ядаж нам нь сандайлж байж.

Тийм болохоор З.Энхболд дарга ямар хойд Солонгосын Ким биш. Хоёр дээлийнхээ нэгийг нь тайлах ёстой. Эсвэл хоёуланг нь тайл. УИХ-ын дарга хүн төрийн бодлого ярьж, ард түмний язгуур эрх ашгийг хамгаалдаг болохоос хоймор суучихаад нам, фракцийн жижиг асуудал яриад, дургүй хүнийхээ микропоныг хааж коммунист үнэр үнэртүүлээд байж хэрхэвч болохгүй.

Бас З.Энхболд дарга УИХ дахь бүлгийн гишүүдийг намын үндсэн дүрэм зөрчин бүгдийг нь АН-ын гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болгоно гэж байна.Намын даргын байр сууриа хадгалахын тулд ард түмний төлөөллийг намын албан тушаалаар авилгадаж боломгүй санагдана. УИХ-ын гишүүнгүй манай Дархан-Уул аймаг шиг газар намын гүйцэтгэх зөвлөлд төлөөлөлгүй болох нь байна. Ингэж АН ард түмний биш, дарга нарын нам болж болохгүй. Жагсаалыг бид амаа скочдож, гартаа гав гинжтэй, хөлдөө дөнгөтэй хийхээр бэлдсэн  байсан.

Дүр эсгэсэн ардчиллыг АН-ын дарга өөрөө бий болгож байгааг сануулъя гэж.Харамсалтай нь бидэнд жагсах зөвшөөрлийг Сүхбаатар дүүргээс өгсөнгүй. Бид жагсаал цуглаан хийх тухай мэдэгдлээ долоон удаа өгсөн ч мэдэгдлийг хүлээж авахаас татгалзсан хариу өгсөн.

Н.Мөнхдаш бидний өгсөн мэдэгдлийн хойноос эд нар намын гишүүд биш шүү, би З.Энхболдын итгэмжлэлтэй дарга, наад мэдэгдлийг нь битгий хүлээж ав гэж тушаасан өнгө аястай бичиг явуулах, эсвэл хуурамч тамгаар Дархан сумын жинхэнэ тамга нь энэ гэх мэтээр будилуулж бүх зүйлийг зогсоох жишээтэй. Хүсэлтээ дахиад явуулна. Тэмцлээ зогсоохгүй.

Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

О.Цэрэнлхам

Эх сурвалж: zone.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …