Хойд Солонгост энэ оноос эхлэн 17-20 насны эмэгтэйчүүд цэргийн алба хаах үүрэгтэй болж байна. Улс орныг нөмөрч байгаа хүн ам зүйн ноцтой бэрхшээлийн улмаас эрэгтэй цэрэг, цагдаа ихээр дутагдаж байгааг нөхөхийн тулд ийм шийдвэр гаргасныг “Daily HK” сонин албаны эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Өнөөг хүртэл хойд солонгос эмэгтэйчүүд цэргийн албыг сайн дураараа сонгодог байсан. Гэвч 1990-ээд оны аймшигтай өлсгөлөнгийн дараа үүссэн хүн ам зүйн өөрчлөлтийн дараа дээрх арга хэмжээг авахаас аргагүй байдалд орсон бололтой. Дунд сургууль төгссөн эмэгтэйчүүдийг цэргийн албанд татах дуудлага ирж эхэлснийг Хамкун муж дахь эх сурвалж мэдээлэв. Дөрөвдүгээр сард 17-18 насны охидыг цэрэгт татах бол, наймдугаар сараас 20 настай эмэгтэйчүүдийг цэргийн албанд дуудах ажээ. Эрэгтэйчүүдийг мөн ийм хувиараар цэрэгт татдаг аж. Урьдчилсан шалгалт, сорилтууд хийгдэж, цэргийн албаны бүртгэл, таталтыг зохион байгуулах үүр, хороо байгуулагджээ. Цэрэгт татагдаж буй эмэгтэйчүүд өвчин, хуучгүй байх, 1.52 метрээс багагүй нуруутай байх гэсэн наад захын шаардлагыг хангасан байх ёстой. 1994-1998 оны өлсгөлөнгийн үр дагавар өнөөдрийн иймэрхүү шийдвэрээр илэрч байна. Тэр үед хүүхэд, нялхсын эндэгдэл өндөр, төрөлт ихээхэн бууралттай байжээ. Мөн эрэгтэйчүүд гадаад руу зугтах, төрд тэрслэх нь их байсан тул олон зуун эрчүүд хорих лагерьт амьдралаа өнгөрөөх болсон юм.
25 сая хүн амтай Хойд Солонгос нь хоёр сая орчим цэрэгтэй. Цэргийнхээ тоогоор дэлхийд тавд ордог ажээ. Бэлтгэл цэргийн тоо нь 600 мянгад хүрдэг. Хагас цэрэгжсэн иргэд буюу байнгын дайны бэлтгэлтэй иргэдийн тоо 5.8 саяд хүрдэг нь дэлхийд нэгдүгээрт орох үзүүлэлт юм.
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин