Ургамал, цэцэг навч, мод зүлэгний гайхалтай зохицол орчинг Шинжлэх ухааны үндэстэй хэдэн арван жилийн хөдөлмөрөөр босгож, бүрдүүлсэн УРГАМЛЫН ЛАБОРАТОРИ гэж хэлж болох ногоон байгууламж Ботаникийн цэцэрлэгээ устгуулахгүйн төлөө тэмцэцгээе хүмүүс ээ. Турк улсад ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэнгээ устгуулахгүй гэж хамгаалан боссон ард түмэн ялсан байна. Бидний Монголчууд ч бас байгаль орчноо хамгаалахын төлөө тэмцвэл ялна гэдэгт итгэлтэй байна. Хууль зүйн сайд Тэмүүжин болон нийслэлийн удирдлагад өгсөн хугацаатай шаардлагын хариуны хугацаа дууслаа, бүгдээрээ цэцэрлэгт хүрээлэнгээ аврахаар тэмцэлд босоцгооё. Цэцэрлэгт хүрээлэнгээ аварч, авч үлдэх цуглаан 2013.06.21-ний 11-12 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно, та бүхэн ирж дэмжээрэй гэж уриалж байна. ШИНЖЛЭХ УХААНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ
Байнгын хорооны хуралдааны үеэр Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн асуудлаар БОНХ-ийн сайд С.Оюунаас УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэдээлэл сонсохыг хүссэн юм. С.Оюун “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал 10 хоногийн өмнө надтай ирж уулзсан. Захирлын ярьснаар цэцэрлэгт хүрээлэнгийн газар бүрэн бүтэн, мод сөөг, бут ургуулах, цэцэрлэгжүүлэх ажил хийгдэж байгаа. Гэвч сүүлийн үед хуулийн байгууллага газар дээр нь байшин барилга барих асуудал яригдаж байгаа. Хүрээлэнгийн зүгээс газар дээр нь барилга барих асуудлын эсрэг байгаа гэдгээ надад уламжилсан. Одоогоор барилга барьчихсан, газрыг нь булаачихсан зүйл байхгүй байна” гэсэн юм.
Харин энэ асуудалд Байгаль орчин Хүнс хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Г.Баярсайхан байр сууриа илэрхийлэхдээ “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хуучинаар байх ёстой. Ямар нэгэн барилга байгууламж барьж болохгүй. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн бол Шинжлэх ухааны том лаборатори гэж ойлгох хэрэгтэй” гэлээ. Сүүлийн үед тус цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр барилга байгууламж барих асуудлыг ярих болсоныг тэрээр шүүмжлээд БОНХЯ анхаарал хандуулахыг үүрэг болгосон юм.
П.Баяр ugluu.mn