Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хамгийн үр ашигтай аргын нэг нь пневмококийн эсрэг вакцин ( ПКВ)-аар дархлаажуулах гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63-р чуулганы зөвлөмжид тусгасан байдаг. Энэхүү вакциныг нэвтрүүлэхийн тулд үр дүнг судлах судалгааг 2015-2018 оны хооронд ЭМСЯ-наас Австрали улсын Мельбурн, Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгааны баг хамтран гүйцэтгэх аж.
Өнөөдөр Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвийн байранд Пневмококкийн эсрэг вакцины үр дүнг үнэлэх судалгааны нээлт боллоо.
Нээлтэд Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвийн дарга Д.Нарангэрэл, Австрали улсын Мельбурны Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэнгийн профессор Ким, “Пневмококкийн эсрэг вакцины үр дүнгийн үнэлгээ” судалгааны багийн удирдагч М.Туяа, дүүргүүдийн тандалт судалгааны нэгжийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Монголд энэ өвчиний судалгаа болон тандалтыг 2007 оноос хойш судалж байна.Пневмокок гэдэг нь уушигны хатгааг үүсгэгч бактер гэсэн утгатай үг юм. Судалгааны хугацаанд Пневмококкийн шалтгаант уушгины үрэвсэл, нянгийн гаралтай инвазив өвчний эмнэлэгт суурилсан өргөтгөсөн тандалтыг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ-д хэрэгжүүлнэ. Энэхүү өргөтгөсөн төндөлт судалгаанд жил бүр ойролцоогоор 5000 орчим хүүхэд хамрагдах аж. Судалгаанд дээрх 4 дүүрэг, ЭХЭМҮТ –д уушгины үрэвслээр хэвтсэн 2 сартайгаас 5 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөжээ.
Мөн Сүхбаатар, Согинохайрхан дүүргийн 2-24 сартай хүүхдүүдэд 2015 оны 2-3-р улиралд пневмококкийн эсрэг 13-цэнт вакцин тарьж Баянзүрх, Чингэлтэй дүүргийн дээрхи насны хүүхдүүдэд дүнг харьцуулан судлан дүгнэлт гаргах бөгөөд 2016 оноос уг вакциныг дархжаалуулалтанд үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.
Пневмококийн 13 цент вакцин манайд орж ирснээр хүүхдийн эндэгдэлт болон амьсгалын замаар өвчлөх өвчин 50-60% багасна гэж эмч мэргэжилтнүүд үзэж байна.
Д.Тэргэл