Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Зохицуулах зөвлөлийн анхны уулзалт өнөөдөр боллоо. Энэ сарын 21-нд БОНХАЖЯ-наас “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, ажлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хойшид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан. Уг уулзалт ярилцлагын үр дүнд сайдын тушаалаар дээрх зөвлөлийг байгуулж, даргаар нь Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн Н.Дашзэвэгийг томилсон юм.
Зөвлөлийн гишүүдэд БОНХАЖЯ, Аж үйлдвэрийн яам, НМХГ, ЦЕГ, НЦГ, НБОГ, иргэний зөвлөл гээд бүхий л салбарын холбогдох албаны хүмүүс багтжээ.
Эдгээр байгууллагууд дор бүрнээ өөр өөрсдийн хүчин чадлаар модны хулгайтай тэмцдэг ч төдийлөн таслан зогсоож чадахгүй байгаа. Харин уг зөвлөл байгуулагдсанаар хоорондоо уялдаа холбоотой энэ асуудалд хамтран ажиллаж, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсооход төлөвлөгөө боловсруулах гээд зохион байгуулалтын системд орж байгаа юм.
Мөн дээрх байгууллагуудаас БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын гаргасан албан даалгаврыг хэрэгжүүлэхэд санал авч байж ажлын төлөвлөгөөгөө гаргах ажээ.
Тус зөвлөлийн дарга Н.Дашзэвэг хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг мод тээвэрлэлтийн зам болон модны захуудад хяналт тавьж эхлүүлэх ёстой гэсэн юм. Тиймээс хамгийн эхлээд хулгайн модны гол бүс болсон Сонгино хайрхан дүүрэгт тавих хяналтыг сайжруулах ёстой гэлээ.
Нийслэл рүү орж ирдэг модны 70,80 хувь нь баруун хойноос буюу Тахилт, Найрамдлын замаар орж ирдэг. Тиймээс дээрх замуудын зангилаа цэгүүдэд пост ажиллуулах, хяналтын камер суурилуулах ёстой гэсэн юм. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын албан даалгаварт ирэх сарын 1-нээс хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулах гэж тусгасан байгаа. Учир нь сар шинээс өмнө хулгайн мод нийслэл рүү орж ирэх үйл явц идэвхиждэг ажээ. Ихэвчлэн шөнийн 03:00-аас 06:00 цагийн хооронд тээвэрлэлт хийгддэг учраас холбогдох мэргэжлийн хүмүүсийгхамтарч ээлжээр шөнийн ээлжинд гарах ёстой гэсэн юм.
Түүнчлэн модны зах, хөрөө рамд ч тавих хяналтыг чангатгаж, 24 цагийн хяналтын камер суурилуулах ёстой гэв. Учир нь эдгээрт тавих хараа хяналт байдаггүй учраас хаанаас, ямар мод орж ирсэнийг хянах боломж байдаггүй гэсэн юм.
Мөн иргэдийн түлшний модны эрэлтийг хангах үүднээс үртэс, аргал, хомоол зэргээр түлш бэлтгэх, ОХУ-ын хямд модоор дотоодын модны жилийн хэрэгцээг хангах гэх мэт боломжтой гэсэн бүхий л арга замаар ой, модоо хамгаалах ёстой хэмээлээ.