Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барилаа.
2002 онд Эрүүгийн хуулийг баталснаас хойш цаг үеийн тухайн нөхцөл байдал, нийгмийн шаардлагаас шалтгаалан уг хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь хохирлын хэмжээ болон гэмт хэрэгт тооцох нөхцөл байдлыг тодорхой болгох, шинэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хуульчлах, олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орж соёрхон баталсан, түүнчлэн өөр бусад хууль шинээр батлагдсан, бусад хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор тус тус оржээ.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн давуу болон сул талууд, үр нөлөөтэй хэрэгжиж байгаа зүйл заалтыг судлан үзэж хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томъёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх талаар нарийн судлан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.