Өнгөрсөн долоо хоногт алдарт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина Жоржиа муж дахь гэрийнхээ угаалгын өрөөнөөс ухаангүй олдсон юм. Харамсалтай нь Кристинагийн амь насыг аврах боломж бараг үлдээгүй талаар эмч нар гэр бүлийнхэнд нь дуулгажээ.
Түүнд эргэн сэргээх найдлага маш бага үлдсэн бөгөөд түүнийг хэр удаан амьд байлгах сонголтыг гэр бүлд нь үлдээсэн гэнэ. Ойрын эх сурвалжийн “People” сэтгүүлд ярьснаар гэр бүл болон найз нөхөд нь эмнэлэгт ирж түүнтэй салах ёс хийж байгаа бөгөөд Кристинагийн эцэг Бобби өчигдрөөс хойш тасралтгүй уйлж байна гэжээ.
Эдүгээ 21 настай Кристинагийн ухаан алдсан шалтгаан одоогоор тодорхойгүй, эхний нэгжлэгээр гэрээс нь ямар нэгэн мансууруулах бодис олдоогүй ч хоёр дахь удаа нэгжлэг хийхэд зориулалт нь тодорхойгүй эмнүүд олдсон гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Б.Саруул