Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулздаг ээлжит 30 минутын яриа, асуулт хариултаа өчигдөр төрийн ордны “А” танхимд явуулсан юм.Түүний сэтгүүлчдийн сонирхсон асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэж байна.
-Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд ямар ажил амжуулсан бэ?
-Хөвсгөл, Төв гэсэн хоёр аймагт ажиллалаа. Сэтгүүлчид нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй явж газар дээрээс нь сурвалжилсан байгаа.
Төв аймаг бол хөгжлийн төв бүс болох дүр зураг харагдаж байгаа. Их Майдар цогцолбор, Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал гээд томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжиж эхлээд байгааг та бүхэн мэдэж байгаа. Орон сууцны томоохон хорооллыг бас дурдаж болно. Хөвсгөл аймагт ажиллаж явахад орон нутгийн хөгжлийн санд өгсөн мөнгөний зарцуулалтын хяналтыг сайжруулах хэрэгтэй нь анзаарагдсан.
Мөн Төрийн ямар ч үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэж хүнд суртал, хээл хахуулийг устгах зорилготой Төрийн үйлчилгээний 57 ширхэг автомат машиныг ажилд орууллаа. Ер нь бол Ерөнхий сайдын багцын 50 тэрбумаас хоёр тэрбумыг гарган дахиад 120 ширхэг цахим машин худалдан авах тендер удахгүй зарлагдана.
Өнгөрсөн долоо хоногт амжуулсан бас нэгэн чухал ажил нь Засгийг газрын хуралдаанаар “Олуулаа болох хууль”-ийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Одоо төрсөн эхчүүд таван сар 40 мянган төгрөг авч байгаа. Үүний хугацааг нэмэгдүүлэн хоёр жил болгоод, сар бүр 80 мянган төгрөг өгөхөөр өөрчлөлт оруулж байгаа.
Хэрэв гурав дахь хүүхэд нь гарвал одоо авч байгаа 80 мянгыг нь 120 мянга болгож нэмэгдүүлье гэж байгаа. Одоогийн байдлаар жирэмсний сүүлийн таван сард 40 мянган төгрөг өгч байгаа. Үүнийг ч нэмэгдүүлж 80 мянга болгоно. Ингэснээр бид “Олуулаа болох хууль”-тай болж байгаа юм. Энэ хууль 2014 оны эхнээс хэрэгжээд явах бололцоотой.
-Найман хувийн зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувьд нь иргэд хашаа, байшингаа тавих ихээхэн сонирхолтой байгаа ч арилжааны банкууд зөвхөн орон сууц барьцаална гэсэн болзол тавиад байгаа. Үүнийг уян хатан шийдэх бололцоо байхгүй юу?
-Найман хувийн зээлийн урьдчилгаа төлбөрт хуучин орон сууцаа барьцаална гэсэн журам батлагдаад дөнгөж эхлээд л явж байна. Энэ журмыг цааш нь жаахан явуулах шаардлагатай байгаа юм. Тэгж байтал амьдрал дээр ямар зохицуулагдаагүй асуудал, хүндрэл гарах нь вэ гэдгийг явцын дунд аажуу, уужуу хараад зохицуулалт хийх газарт нь зохицуулаад явах боломжтой болно. Тэгэхээр одоохондоо хуучин орон сууцаа барьцаалах энэ журмыг явуулахаас өөр аргагүй.
-Урьдчилгаа төлбөр 10-30 хувь байхыг уян хатан байдлаар зохицуулж болно гээд байгаа. Тэр зохицуулалтыг чухам ямар эрх мэдэлтэй, албан тушаалтан хэрэгжүүлэх эрхтэй байх юм бэ?
-10-30 хувийн урьдчилгаа төлбөр бол одоогийн журманд ч байгаа зүйл л дээ. Ер нь яваандаа буюу намраас Засгийн газрын зүгээс урьдчилгаа төлбөрийн хэмжээ нь нийгмийн зорилтот бүлгүүдэд ямар байх вэ, энэ асуудалд төр, засгийн дэмжлэг ямар байх вэ гэдгийг тусгайлан ярина. Зуны гурван сар энэ чиглэлээр ажиллана. Жишээлбэл тогтвор суурьшилтай олон жил ажилласан хүмүүсийн тухайд энэ 10-30 хувьд хөнгөлөлт үзүүлэх боломжтой. Гэхдээ энэ тухай бүхнийг өнөөдөр ярих боломжгүй. Яг энэ асуудлаар ажлын хэсэг гараад ажиллаж эхэлж байгаа. Энэ тухай намраас жич ярина.
-Төрийн орон сууцны корпораци хэзээ байгуулагдаж, зорилтот бүлгүүддээ зориулсан хямд үнэтэй орон сууцнуудаа барьж эхлэх вэ?
-Бид зах зээлд орсноос хойш нэг чухал зүйлийг орхигдуулсан байгаа юм. Түрээсийн болон бусад орон сууцны олон хэлбэрийг алга болгосон нь туйлын буруу үйлдэл болжээ. Одоо бол орон сууцыг зөвхөн худалдаж авдаг тогтолцоо л яваад байгаа. Энэ гажуудлыг арилгах зорилгоор Төрийн орон сууцны корпорацийг ойрын үед байгуулна. Ажлын хэсэг гараад ажилдаа орсон. Наадмын өмнө бараг байгуулагдчих байх. Энэ байгууллага бол тодорхой хэмжээний газар эзэмшиж барилгын компаниудаар байшин бариулаад нийгмийн зорилтот бүлгүүдэд хямд үнэтэй орон сууц олгох болон бусад хөнгөлөлт үзүүлдэг, мөн орон сууцны үнийг хөөрөгдөхгүй байх бүх талын зохицуулалт хийдэг байгууллага байх юм.
-Гадаадад ажиллаж байгаа монголчууд эх орондоо ирээд шинэ технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах гэхээр ямар ч дэмжлэг байдаггүй учир эргээд л гадагшаа гарахаас өөр аргагүй болдог гэж ярьцгааж байна. Энэ талаар шинэчлэлийн Засгийн газраас ямар бодлого баримтлаж байгаа вэ?
-Гадаадаас эх орондоо ирээд үйлдвэрлэл явуулж байгаа залуучуудыг манай Засгийн газар 100 хувь дэмжинэ. Жишээлбэл АНУ-д чулууны үйлдвэрт ажиллаж байсан ах дүү хоёр зээл авч Сонгинохайрхан дүүрэгт чулууны үйлдвэр байгуулаад амжилттай ажиллаж байна. Сая Төв аймагт ажиллаж байхад Солонгост цутгуурын үйлдвэрт ажиллаж байсан залуучууд цутгуурын үйлдвэр байгуулаад ажиллаж байгаатай танилцаж, тусалж дэмжихээ илэрхийлсэн. Бид юм хийж бүтээж байгаа залуучуудаа бүх талаар дэмжиж, эхний ээлжинд хөнгөлөлттэй зээл олгоно.
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын төсөв санхүү, орлого, зарлага, төсөв бүрдүүлэлт ямархуу байдалтай байгаа вэ?
-Монгол Улсын төсвийн байдал тийм сайн биш байгаа ч тэгтлээ муудчихаагүй. Одоогоор төсөв алдагдалтай байна. Нүүрсний үнэ огцом буурсан нь төсөвт мэдэгдэхүйц нөлөөлж байгаа. Өмнө нь олборлосон нүүрснээс өнөөдрийн байдлаар 300 гаруй мянган тонныг гаргачихаад байна. Цаашдаа ч нүүрсний үнэ олигтой өсөхгүй дүр зураг ажиглагдаж байгаа. Ер нь цаашдаа зэс, алт, нүүрснээс л хамаардаг эдийн засгийг халж, олон салбарт хөгжлийн тулгууртай болох нь манай Засгийн газрын тэргүүлэх чиглэл юм.
-Найман хувийн зээл гараад ирэхээр орон сууцны нийлүүлэлт нь эрэлтээсээ ихээхэн хоцорч метр квадратынх нь үнэ талийж өгөх шинжтэй болчихлоо. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Бид барилгаа дутуу барьчихаад санхүүжилтгүй зогсчихсон байсан компаниудад зээл олголоо. Мөн цемент, арматурын төмрийг нь урьдчилан бэлтгэсний хүчинд хямдхан үнэтэй материалаар барилгаа барих бололцоо бүрдсэн. Ингэж дэмжээд байхад үнээ нэмэх юм бол тэр компанитай дахин ажиллахгүй, бүх гэрээгээ хүчингүй болгоно.
Ерөнхийдөө ийм компани монголын барилгын салбараас шахагдана гэсэн үг. Манай үндэсний 17 компани нийлээд Нисэхийн цагаан хаалганы хойно үлгэр жишээ хороолол бариад эхэлчихсэн байгаа. Зөвхөн монголчууд өөрийн хүчээр барьж байгаа энэ хороолол бол бусад компаниудад үлгэр жишээ болох юм. Тэр барилгууд нь хамгийн хямд үнээр энэ намраас зарагдаж эхэлнэ. Засгийн газрын урт хугацааны мөрийн хөтөлбөрт хамрагдаж хөнгөлөлт эдэлсэн компаниуд хэлсэн амнаасаа зөрчиж үнээ нэмэх юм бол бид арчиж хаяад л урагшаа явна. Хийж чаддаг, хэлсэн үгэндээ хүрдэг нь манай Засгийн газартай хамтарч ажиллана шүү.
-Орон сууцны найман хувийн зээлд хотын захын дүүргүүдийн ядуу иргэд буюу жинхэнэ утаа үйлдвэрлэгчид хамрагдах ямар ч боломжгүй байна. Эдгээр иргэдийн хашааны газрыг шууд нэг өрөө байраар тулах гэдэг ч юм уу зоригтойхон шийдчихэж болохгүй юу?
-Ямар ч улсад ядуу хүн орон сууц худалдаж авах боломжгүй. Нэгдүгээрт ажил хөдөлмөр эрхэлж ядуурлаас салдаг болохоос алхайж дээшээ харж хэвтээд байвал ядуу байсаар л дуусна. Хоёрдугаарт орон сууцны найман хувийн зээл бол ядуучуудад зориулсан хөтөлбөр биш. Ядуу гээд байгаа хүмүүс ажил хөдөлмөр хийвэл би байртай болно гэж бодох хэрэгтэй. Энэ хөтөлбөр бол ажил хөдөлмөрт уриалан дуудсан, ажилтай орлоготой хүмүүст бололмж, бололцоо олгосон хөтөлбөр болохоос биш хавтгайрсан халамжийн хөтөлбөр биш.
Ер нь тэгээд ажилгүй, арчаагүй хүмүүсийн толгойг илж ам руу нь хоол дөхүүлж өгөөд байдаг үе ард үлдсэн шүү.
Эх сурвалж: