Хууль тогтоомжийн хэлэлцүүлгийг хойшлуулав

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.02.11/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар танилцуулсан юм.

DSC_4386Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12, 6.1.1-д заасны дагуу ашигт малтмалын 15 ордыг Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулан баталсан. Стратегийн ач холбогдол бүхий уг ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.5-д заасны дагуу тухай ордыг ашиглах гэрээгээр тодорхойлохоор хуульчлагдсан байна. Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой, Тавантолгой, Шивээ-Овоо, Багануур, Эрдэнэт зэрэг ордуудаас харахад улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордуудад төрийн зүгээс хувь эзэмшиж оролцох, улмаар тухайн компанийн менежментэд оролцоо багатайгаар төлөөллөө хэрэгжүүлэх, ногдол ашиг хүртэх нь санхүүгийн талаас өндөр өртөг, эрсдэлтэй, хяналт тавьж хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдлууд гардаг байна.

Иймээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос төрийн хүртэх үр өгөөжийг аль болох тодорхой бөгөөд урт хугацаанд тогтвортой байлгах, төрийн хүртэх үр өгөөжийг өнөөгийн үнэ цэнээр нэмэгдүүлэх үүднээс төрийн эзэмшлийн хувь эзэмшил, түүнд хүртэх үр өгөөжийг орлуулах хувилбарыг судлах шаардлага тулгарч байгаа аж. Энэ үүднээс тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тогтоох нь өнөөгийн нөхцөлд төсөвт орлого төвлөрүүлэх хамгийн боломжит хувилбар гэж Засгийн газар тооцсон байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү хуулийн төслийн дагуу төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэвээр хадгалах, эсхүл тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлж төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэн авах сонголт хийх эрх нээлттэй байхаар хуулийн төсөлд тусгажээ. Төлбөрийн хувь хэмжээг тухайн ордын техник эдийн засгийн үндэслэл, ашигт ажиллагаа, хөрөнгө оруулалт, ордын нөөцийн болон борлуулалтын орлогын хэмжээ зэргийг харгалзан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хийх яриа хэлэлцээний үр дүнд Засгийн газраас тусгайлан тогтоох юм байна.

Энэ үндсэн дээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын төрийн эзэмшлийн хувь хэмжээнд ногдох ногдол ашигтай дүйцэх үр өгөөжийг хөрөнгө оруулагч талтай тохиролцсон тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах асуудлыг зохицуулах зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

DSC_4384Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Д.Дэмбэрэл, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, С.Оюун, Ц.Баярсайхан, Д.Сарангэрэл, Г.Уянга нар хууль санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Асуулт асууж тодруулсан гишүүдийн ихэнх нь энэ төсөл Оюутолгойн төрийн эзэмжшлийн 34 хувийг нөөц ашигласны төлбөрөөр солих зорилго агуулсан, татварын хувь хэмжээг Засгийн газар тусгайлан тогтоохоор тусгасан нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байгаа, түүнчлэн Үндсэн хууль зөрчсөн агуулгатай байна гэх зэргээр эргэлзэж буйгаа илэрхийлж байв. Харин Засгийн газрын гишүүн С.Баярцогт гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хууль эргэж үйлчилдэггүй учраас одоо гэрээний үндсэн дээр хэрэгжиж байгаа стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ энэ хуулийн төслөөр хөндөгдөхгүй. Оюутолгойн ордын хувьд төр 34 хувийг эзэмшихээр УИХ шийдвэрээ гаргачихсан, түүнийг сольж өөрчлөх тухай асуудал байхгүй. Тавантолгойн тухайд ч УИХ 39 дүгээр тогтоол гаргасан. Харин энэ хуулийн төслөөр цаашдаа стратегийн ордод төр яаж оролцохыг тодорхой болгох гэж байгаа юм. Энд хууль зөрчсөн зүйл байхгүй, сонголт хийх боломж олгохыг гол зорилго болгож байгаа юм гэдгийг хэллээ. Мөн Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн гишүүдийн зарим асуултад нэмэлт тодруулга өгсөн юм.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар гишүүд саналаа хэлэх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ улс орны эрх шиг, эдийн засагтай холбоотой энэ төслийг бүлэг дээрээ ярилцаад нухацтай хэлэлцэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр завсарлага авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Ингээд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр эвслийн бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авсан тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.

Дараа нь “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэл, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.

DSC_4399Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдогбөгөөд уг ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Сентерра гоулд Монголиа” ХХК эзэмшдэг аж. Монгол орны алтны металлогены мужлалаар Гацууртын алтны үндсэн орд нь алтны харьцангуй өндөр агуулга бүхий хүдэртэй, ирээдүйд тухайн бүс нутгийн хөгжилд нөлөөлөх боломжтой, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн,нийтдээ 75 тонн алт, 27 тонн хүдрийн нөөцтэй аж. Гацууртын алтны үндсэн ордын дээд давхаргад оршиж байсан шороон ордыг урьд нь өөр компани олборлоод дууссан агаад нэмэлт хайгуулаар илрүүлсэн үндсэн ордыг олборлож, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэх юм байна.

Тогтоолын төсөлд тусгаснаар Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасны дагуу тус төслийн нийт хөрөнгө оруулалт болох 324.7 сая ам.долларыг хамтарсан компани орд газраа барьцаалан зээл авах болон бусад эх үүсвэрээс хөрөнгө босгох замаар зохицуулах аж. Хамтарсан компанийг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу 100 мянган долларын дүрмийн сантай байгуулж, “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн эзэмшлийн хувь хэмжээг 80 мянган доллар буюу 80 хувь, төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 мянган доллар буюу төр 20 хувийн хувьцааг эзэмшихээр төсөлд тусгажээ. Энэ үндсэн дээр Гацууртын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох, төрийн эзэмшлийн хувийг тохирох хэлэлцээний явцад уг хувь хэмжээг стратегийн ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбарыг санал болгож, тохиролцсон нөхцөлд хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгохоор уг тогтоолын төсөлд тусгасан байна.

DSC_4396Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан нарын асуултад Засгийн газрын гишүүн С.Баярцогт, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн нар хариулт өгсөн юм. Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар гишүүд саналаа хэлэх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ энэ төслөөр Гацууртын ордыг урт нэртэй хуулийн үйлчлэлээс гаргах, мөн төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулахаар оруулж ирсэн тул асуудлыг дахин нягталж нэг мөр ойлголттой болох үүднээс уг тогтоолын төслөөр ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг ёсоор болгов.

Чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг сонссоноор өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …