Энэ дэлхий дээр амьдралын тойрог зогсолтгүй эргэлдсээр л байдаг. Өнөөдөр нэг нь хорвоог орхин явж байхад, нөгөө нь тоост алтан дэлхийд мэндлэх хосгүй хувь заяагаар дөрвөн цагийн эргэлтэд ирнэ. Энэхүү амьдралын тойрог үеийн үед үргэлжилж, цаг хугацаа та биднийг өөрийн хатуу дүрэмдээ захирсаар байдаг. Хүн бүр энэ хорвоод ямар нэгэн учир шалтгаантай ирдэг. Эмэгтэй хүний хосгүй хувь заяаг олж амьдрал гэдэг их хөлөгт хөл тавьсан бүсгүйчүүд бид энэхүү хүрдний эргэлтэнд утга учиргүй амьдрана гэдэг дэндүү хайран. Хэн нэгэн зорилгогүй бол дарвуулгүй далайд хөвөх усан онгоцтой адил. Гэхдээ хүн бүхэн чухамдаа нэг зүйлд тэмүүлдэг нь эргэлзээгүй. Сайн сайхан, аз жаргалтай амьдралыг хүсдэггүй хүн энэ хорвоод үгүй. Гагцхүү аз жаргалыг бүтээж чадаж байж л амьдралаа хайрлаж эхэлдэг билээ. Аз жаргалын үндэс нь таны ДОТОР оршиж байдаг. Энэ бол дотоод сэтгэлийн хүч.
Гаднаа аз жаргалтай мэт харагдахад гол биш, харин дотроосоо гэрэлтэх нь бүсгүй хүний хамгийн том чимэг гэдэгт итгээрэй. Дотор чинь орших тэр сайхан бүхнийг хэн ч чамаас булааж чадахгүй, хэн ч түүнийг дуурайж чадахгүй гээд төсөөл дөө. Гайхалтай биш гэж үү? Чамд тэрхүү хосгүй сайхан чанар байгаа цагт чи хэнээс ч тод гэрэлтэнэ. Дотоод сэтгэлийн аз жаргал гэдэг ийм л их хүчтэй зүйл. Тэр үргэлж сайн сайхныг билэгддэг, мөн бидэнд амьдрах итгэл бэлэглэж, урам зоригийг маань бадрааж, хайрыг түгээх хамгийн том хөдөлгүүр болж байдаг. Өөрийнхөө дотоод сэтгэлийг засаж, өөрөөсөө аз жаргалыг мэдрэхгүйгээр өөр хэн нэгнийг ойлгоно гэж үү. Зүрх сэтгэлээ дагаж, өөрийгөө хайрлаж явах нь хамгийн чухал гэдгийг үзэсгэлэнт эмэгтэй та санаж яваарай. Та өөрөөрөө байж гэмээнэ амьдралынхаа утга учрыг бий болгож буй хэрэг. Тиймээс өөрсдийн алхам бүртээ дотоод аз жаргал буюу сэтгэлийн аз жаргалыг мэдрэх нь хамгийн ЧУХАЛ.
Зүрхэнд ХАЙР, бодолд УХААРАЛ буй цагт бидний бүх үйлдэл зөв. Харин хамгийн анхны алхам нь чин сэтгэлийн инээмсэглэл юм. Бүсгүй хүний чимэг болсон дотоод сэтгэлээс ундран гарах ИНЭЭМСЭГЛЭЛ-ээр өдөр бүр өөрийгөө чимээрэй
эх сурвалж: www.emegteichuud.mn