Засгийн газрын хуралдааны 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Концессийн гэрээ байгуулах эрх олголоо
Концессийн барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Алтай-Дарви чиглэлийн 165 км хатуу хучилттай авто зам төсөл”, “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто зам төсөл”, “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 112,7 км хатуу хучилттай авто зам төсөл”, “Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессийн гэрээг гүйцэтгэгч компаниудтай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Дээрх замуудын төсөлд зарцуулах хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгалаа. Концессийн гэрээгээр баригдах замын бүтээн байгуулалтын ажлууд ирэх 4 дүгээр сараас эхлэх юм.
Гаалийн тарифын зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр дотоод, гадаад худалдааг Аж үйлдвэрийн сайд эрхлэхээр болсон. Иймд “Гаалийн тарифын зөвлөлийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны 306 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд тогтоол гаргахаар тогтлоо. Гаалийн тарифын зөвлөл нь Монгол Улсын эдийн засгийн ашиг сонирхол, дотоодын зах зээл, үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор гаалийн татвар, тарифын зохистой тогтолцоог бүрдүүлэх, гаалийн татварын хувь хэмжээг оновчтой тогтоох чиглэлээр дүгнэлт, санал гаргах, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болон худалдааны нэн тааламжтай тариф хэрэглэх хэлэлцээр байгуулсан улсын гарал үүсэлтэй бараа, бүтээгдэхүүнд тарифын нэн тааламжтай нөхцөл олгох, хөгжингүй орнуудаас үзүүлдэг тарифын хөнгөлөлтийг ашиглах талаар тарифын хэлэлцээ хийх санал боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Зөвлөл 15 гишүүнтэй, төсөв, худалдаа, гадаад харилцаа, гааль, татвар, эрчим хүч, уул уурхай, зам, тээвэр, үйлдвэр, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд Зөвлөлийн дарга, гишүүн, нарийн бичгийн даргын бүрэн эрх, чиг үүргийг тодорхойлж хэрэгжүүлэх, Зөвлөлийн хурлын дэгийг тогтоохтой холбогдох харилцааг зохицуулах асуудлыг дүрмийн төсөлд тусгажээ. Энэхүү тогтоол батлагдсанаар Гаалийн тарифын зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулах нөхцөл, боломж бүрдэнэ.
Ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулна
“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-ний төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөж, гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын журмаар гаргахаар тогтлоо. Бүгд Найрамдах Казахстан Улсад Монгол Улсын 1000 орчим иргэн байнга оршин сууж, жилд дунджаар 6000 гаруй иргэн зорчиж байна. Одоогийн байдлаар Бүгд Найрамдах Казахстан Улсад шүүхээр ял шийтгүүлэн хорих ял эдэлж буй Монгол Улсын 3 иргэн байна. Ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар эх орондоо ялаа эдлэхийг хүссэн хоёр улсын иргэдийг шилжүүлэх ажиллагааг тодорхой журмын дагуу цаг алдалгүй гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдэх юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн орчин сайжирна
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Үйлдвэрлэлийн осол 2014 онд 333 бүртгэгдэж, өмнөх оноос 18 хувиар буурсан боловч нас барсан хүний тоо нэмэгджээ. Мэргэжлээс шалтгаалсан өвчтэй 4505 хүн байгаагийн 83,4 хувь нь хүнд үйлдвэр, геологи, уул уурхайн салбарт хамаарч байна. Үйлдвэрлэлийн гадна орчин буюу зам талбайд иргэд осол эндэгдэлд өртөж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал цөөнгүй гарах боллоо. Иймд УИХ-ын 2013 оны 20 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үүргийг Засгийн газарт өгсний дагуу хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад салбарын яамд, бүх шатны удирдлагын байгууллага, Засаг даргын үүрэг оролцоог идэвхжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагад ажлын байрны эрсдлийн түвшин, ажилтны тооноос хамааруулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, зөвлөлийг орон тооны болон орон тооны бусаар ажиллуулах, тэдний хариуцах чиг үүргийг нь тодруулах зэрэг асуудлыг тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бүтэц, зохион байгуулалт, хариуцсан ажилтны чиг үүрэг тодорхой болж, ажиллах нөхцөл боломжоор хангагдан, удирдлагын тогтолцоо бүрдэж, салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх бодлого чиглэл, ажлын уялдаа холбоо сайжирна гэж тооцож байна.
Хорих ангийн дэглэм өөрчлөн зохион байгууллаа
Хорих ангиудын ачааллыг тэнцвэржүүлэх шаардлагатай байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь чанга дэглэмтэй хорих 425 дугаар ангийг жирийн дэглэмтэй хорих анги болгон зохион байгууллаа. Тус хорих ангийг жирийн дэглэмтэй болгон өөрчлөн зохион байгуулахад харуул хамгаалалтын үйл ажиллагаанд хүндрэл учрахгүй, нэмэлт тоноглол хийх шаардлагагүй тул хөрөнгө, санхүүгийн хүндрэл гарахгүй юм.
Товч мэдээ
-Бразил Улсын Сан Пауло хотод 2015 оны 8 дугаар сарын 11-16-ны өдрүүдэд зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээнд Монгол Улсын баг бэлтгэн оролцуулах тухай асуудлыг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Энэ тэмцээнд Монголын баг өрлөгчин, хавтанцар наах, гагнуурчин, токарьчин, цахилгаанчин, мужаан, үсчин, гоо сайханч, тогооч гэсэн 9 мэргэжлээр оролцоно.
-“Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаад олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
-Улаанбаатар хотод 2015 оны 4 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулагдах Монголын Эдийн засгийн чуулганы бэлтгэл ажлыг өндөр түвшинд зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгалаа.
-“Дипломат болон албан паспорттой иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргахаар тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.