Интернет, тоон технологи хүний амьдралд салшгүй хэсэг болж байгаатай холбогдуулан Интерпол Сингапурт инновацийн төв нээж байна.
Тоон технологи хүний амьдралын бүх салбарт нэвтэрснээр амьдрал илүү хямд, хялбар болсон. Гэвч үүнийг дагаад олон шинэ эрсдэл гарч ирсэн. Интернетийг нууц, илэрхий гэмт хэргийн шинжтэй элдэв үйлдлийн талбар болгож алан хядагчид, гэмт хэрэгтнүүд ашиглах болсон. Ийм нөхцөлд интернетийн орчинд гэмт хэрэгтнүүдээс хоцрохгүйн тулд Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерпол нь 5-н жилийн өмнө Сингапурт Кибер гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын төв байгуулах шийдвэр гаргаад байсан. Энэ төв хэдхэн өдрийн өмнө нээлтээ хийлээ.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын төвийн зургаан давхар шинэ барилгад дэлхийн 50 гаруй орны харилцаа холбооны шинжээч мэргэжилтнүүд ажиллана. Шинэ байгууллагын захирал Нобору Накатани “Deutsche welle”-д өгсөн ярилцлагадаа “Манай төвд ажилтнуудын хамтаар арилжааны 8 компанийн төлөөлөл ажиллаж байна. Эдгээр компаниуд нь интернет дэх хар тамхи ба зэвсгийн хууль бус зэх зээлийг хянаж байна. Мөн шинэ вирус, тагнуул программуудад дүн шинжилгээ хийж байна” гэжээ.
Интерпол хувийн компаниудтай нягт хамтран ажиллах зорилго тавин хэрэгжүүлж байгаагийн нэг илрэл нь энэ аж. Мөн 4-р сарын 14-өөс Сингапурт “Interpol World 2015” үзэсгэлэн худалдаа эхэллээ. Энэ үзэсгэлэнд хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг 250 компани оролцон үйлчилгээ, бүтээгдэхүүнээ сурталчлан хүргэж байна. Ингэж хувийн компаниудтай нягт хамтран ажиллаж байгаа нь нэг талаас сайн хэдий ч нөгөө талаас багагүй шүүмжлэл хүлээж байна. Тухайлбал, үзэсгэлэнд оролцож байгаа Германы “Fin Fischer” компани нь адил нэртэй троян программыг олон орны Засгийн газруудад санал болгосноос Герман гэх мэт хэд хэдэн улс худалдан авсан. Германы Засгийн газар энэ троян программын тусламжтайгаар татвараас зайлсхийгчдийг мөрдөж, илрүүлдэг. Гэтэл хүний эрхийг хамгаалах талаар асуудалтай Бахрейн гэх мэт орнууд энэ программыг ашиглан сөрөг хүчнийг нууцаар тагнаж байгааг шүүмжилжээ.
Үүнээс гадна Интерполыг аж үйлдвэр, үйлчилгээний салбарын хамгийн том төлөөлөгчидтэй хэт нягт хамтран ажиллаж, санхүүгийн дэмжлэг авч байна гэж шүүмжлэх болсон. Германы “Süddeutsche Zeitung” сонины тооцон гаргаснаас үзвэл Интерполын жилийн төсөв болох 78 сая еврогийн 25 хувь нь томоохон үйлдвэрлэгч компани, байгууллагууд. Эдгээрийн дотор тамхины Philipp “Morris”, эмийн үйлдвэрлэгчдийн нэгдлээс эхлээд ФИФА хүртэл янз бүрийн томоохон байгууллага, компаниуд байна.
Энэ мэт шүүмжлэл олон байгаа ч Сингапурт нээгдэж байгаа шинэ төвийнхөн нээлтээ тохиолдуулан “Simda” нэртэй ботнет программыг тараагчдыг илрүүлэн аюулгүй болгосон гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Энэ ботнет нь дэлхийн даяар 800 мянга гаруй компьютерт халдварлан, тараагчид нь эдгээр компьютерийг ашиглан интернет дайралт хийхээс эхлээд нууцыг хулгайлах хүртэл янз бүрийн гэмт хэрэг үйлддэг байжээ. Аюултай программыг тараагчдын Нидерланд, АНУ, ОХУ, Польш, Люксембургт байршуулсан серверүүдийг хураан авсан байна.
Эх сурвалж: “Deutsche welle”.