АНУ-ын Невада мужид “Даймлер” компанийн бүтээсэн жолоочгүй автомат удирдлагатай ачааны тэргийг тээврийн зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн лиценз олгожээ. Уг ачааны тэрэг бол АНУ-ын замд ашиглах зөвшөөрөл авсан хамгийн том оврын автомат удирдлагатай автомашин юм. “Даймлер” компанийнхан Невада мужийн эрх баригчдын энэхүү шийдвэрийг тээврийн цоо шинэ тогтолцоо байгуулах чиглэлд хийсэн анхны алхам хэмээн үнэлсан байна. Автомашины электрон удирдлага нь жолооч нарыг хамгийн их ядраадаг тууш замд автомашиныг залах үүрэгтэй гэнэ. Харин хот дотор болон гүвээ, нугачаа ихтэй замд жолооч машинаа өөрөө жолоодох аж. Машиныг компьютер удирдаж байх зуур жолооч дуртай зүйлээ хийх боломжтой. “Энэ бол туршилтын лиценз биш. Энэ бол ажил эрхлэх тухай зөвшөөрөл. Манай машин болон систем бүхэлдээ бэлэн” хэмээн “Даймлер”-ын төлөөлөгч уг үйл явдлыг тайлбарласан байна. Компанийнхан өөрсдийн боловсруулсан удирдлагын системийг хүнээс хавьгүй аюул багатай хэмээн үнэлжээ. Хяналт, туршилтын явцад ачааны тэрэг нийт 20 мянга орчим км зам туулсан аж.
эх сурвалж: everyday.mn