Зээ Улсын баяр наадам ёстой л нэг өргөн дэлгэр сайхан боллоо. Тав хоног амрах хууль баталсан түшээд маань ядартлаа баярлахаа урьдчилж мэдээд ийн хууль санаачилсан байж таарах нь. За энэ ч яахав. Наадмын тухай ярья. Бага байхдаа л би наадам дөхөхөөр шинэ дээлээ өмсөнө гэж бодсондоо ч юм уу, эсвэл хүссэн амттанаа аав ээжээрээ авахуулна гэж эрхэлсэндээ сэтгэл догдлоод бүтэн нойртой хонож чаддаггүй байлаа. Харин нас бие гүйцээд ядаж л саахалт айлынхаа охиноос ичдэг болохдоо аавтайгаа уясан хурдан хул азаргаа хэдэд давхиж ирэх бол, сумын наадамд өнгөрсөн жил уралдсан шигээ иртэй байж түрүүлэх болов уу хэмээн мөрөөдвөл бас л нойргүй хонодог ээлж ирдэгсэн. Ийм мэдрэмжийг мөн ч их амссандаа.
Харин энэ жилийн хувьд хотод наадам үзсэн болоод ч тэрүү, улсын наадамд хурдан хүлгээ сойсон ч биш, сэтгэл нэг л догдолсонгүй. Ёртой ч юм шиг. Гэхдээ өнгөрсөн жилийн наадмаар улсын начин цол хүртсэн нутгийнхаа арал, бяртай залуугийн барилдааныг харах гэж Төв цэнгэлдэх оров оо. Түүнийг найраагаар биш, бяраараа авсан болохоор түмэн олон тун ч ам сайтай байдаг.
Энэ жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан эхний өдрөө цагаасаа эхлээгүйн зэрэгцээ зулай нэвтлэх шахам халуун байсныг ч хэлэх үү золтой л харвачихсангүй. Өнөө ард Аюуш есөн эрүү шүүлтэд ороод гарахдаа “Насны залуугаар л давлаа даа” гэсэн шиг л юм болсон. Тэр их халуунаас хөгшчүүдийн ихэнхи нь гэрээсээ гараагүй гэсэн. Зарим нь хөдөө гарч, модны сүүдэрт хэвтсэн ч сураг байна билээ. Тэр нь ч болсон юм.
Наадмын нээлт ч гэж дээ учир нь ойлгогдохгүй юмнууд савсагнаж, савсагнаж байгаад явсны дараа нэг юм хүчит бөхийн нэгийн даваа эхэллээ. Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбаттай заамдалцах шахам байж зүүнийг магнайлах эрх өвөртөлсөн Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр бага зэрэг ярвайлттай гарч ирсэн нь сүртэй, сүртэй. Тэр төрхөөрөө өөрийгөө баавартай, эрэмбэ өндөртэй харагдуулах гэснийх биз. Тэр үед наадамчид түүнийг А.Сүхбатад байраа тавьж өгсөнгүй гэж бодсондоо харцаа шөвөг мэт үзүүрлэсэн байсан бол бусад нь “Ингэх л ёстой байсан юм” гэсэн шиг бахархангуй харна. Монголчууд бид тухайн дэмжсэн бөхдөө үнэнч, чаддаг бол өмнөөс нь барилдчихмаар өндөлздөг нь сайхан. Тэгээд ч спорт юм хойно ийм юм байх л учиртай.
Нэг, хоёрын давааг хүн үзэх нь ховор. Энэ жил мөн л тэр жишгээр эхний өдрийн барилдаан болоход Төв цэнгэлдэх хүрээлэнд хүн цөөн байв. Бөхчүүд ч өөр өөрсдийнхөө хувийг нугалах гэж хичээж, учраануудаа давлаа. Харин хоёрын даваанд улсын гарьд М.Баяржавхлангаас эхлээд улсын цолтой 16 хүчтэн өвдөг шороодож, аймаг, цэргийн цолтой нэлээн залуу босоо үлдсэн нь улсын цолтон олноор мэндлэх совин татуулаад авав. Ийнхүү халуун наранд арьсаа боорцог шиг бор болготлоо суусны эцэст хоёрын давааг өндөрлүүлэв.
Харин маргааш нь гурвын даваанаас түрүү бөхийн чансаа харагдана. Нээлт гэж юм болдоггүй болохоор бараг цагаасаа эхэлж, аварга арслан цолтонгууд цолоо дуудуулж, цоллогч засуулынхаа мөрийг түшиж дэвэхдээ шаасан гадас сугалах гэж байгаа юм шиг ганхуулна. Энэ даваанд харамсмаар, зарим хүнийг баярлуулам барилдаан хэд хэд болсны нэг нь улсын харцага Ө.Бат-Оршихийнх. Уг нь түүнийг “Энэ жилийн наадмын түрүүг хүртэнэ байх” гэж олон хүн ярьж байсан. Увс нутгийнхан ч энэ залуугаа нэлээн ирлэсэн нь илт байсан. Гэвч тэрбээр аймгийн арслан С.Батгэрэлд түрийгээрээ уначихаад тахимаа өгөхгүй тэр чигтээ хэсэг хэвтсэн. Түүний дараа улсын харцага Л.Пүрэвжав өсөх идэр начин Б.Чинзоригоор гурав давсан. Уг нь энэ хоёр Дундговь аймгийнх. Л.Пүрэвжав түүнийг амласанд олон хүн гайхаж байна билээ. Чаддаг чаддагаа авъя гэж байгаа юм шиг нутгийнхаа начинг амлаж аваад өндөр гэгч нь гаргаж ирээд хаячихаад явсан нь нэг л тоогүй санагдсан. Бусдад хамаагүй ч Л.Пүрэвжав өөр нутгийн бөхийг амлаад Б.Чинзоригийг дээш гаргаж барилдаарай гээд явуулсан бол цолоо ахиулдаггүй юмаа гэхэд батлах ч байсан юм бил үү, хэн мэдлээ. Увс аймгийнхан хэн нэгнийгээ амалж аваад тахимаа өгч том цолонд хүргээд байхад бусад аймгийнхан ч хувиа бодохгүй дэм дэмэндээ байх бичигдээгүй хуулийг нэг ч гэсэн удаа бодож үзмээр юм шиг. Ингэж бодох зуур аймгийн хурц арслан А.Алтанхуяг олимпийн аварга, улсын харцага Н.Түвшинбаяраар дөрөв давсан. А.Алтанхуяг муу бөх биш л дээ. Энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдаанд үнэн хүчээ гаргаж, улсын цолтны эгнээнд багтахдаа улсын аварга С.Мөнхбатыг өвдөг шороодуулсан эр. Олон жил тавын даваанд тахимаа өгсөн тэрбээр энэ жил ёстой л эзлэх ёстой эрэмбэндээ бат зогссон.
Ийнхүү начны даваанд 12 залуу тэмцэлдсэн нь жил ирэх тусам үндэсний бөхчүүдийн бэлтгэл сайжирч байгааг харуулав. Мөн начны найраа ч нэмэгдэж байв. Энэ жилийн начны найраа ямар ч байсан 200 сая гарсныг баттай эх сурвалжаас сонссон юм. Тодруулбал, улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан Бо.Батжаргалаас 200 сая төгрөг авч, тавын даваа эхлэнгүүт мэхэнд нь биш, мөнгөнд нь өвдөг шороодсон. Бо.Батжаргал, Ш.Мөнгөнбаатар нар Сүхбаатар аймгийн харьяат. Хамгийн царайлаг бөхөөр тодроод байсан улсын харцага Ц.Магалжав тус аймгаас хамгийн сүүлд төрсөн улсын цолтон. Тиймээс Бо.Батжаргал, Ш.Мөнгөнбаатар нарыг “Тавын даваанд гараад ирвэл улсын начин цолтой болгож өгье” гэж нутгийнхан нь амласан юм билээ. Харамсалтай нь Ш.Мөнгөнбаатар доод даваанд өвдөг шороодож, амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх шиг болсон.
Үүний дараа аймгийн арслан Э.Даш улсын начин Т.Баасанхүүгээр улсын начин цолны болзол хангасан. Э.Даш нь Дундговь аймгийнх. Түүний санхүүжилтийг УИХ-ын гишүүн, “Мон Уран”-ы Б.Наранхүү гаргасан гэнэ. Тэр ч бүү хэл наадам болохоос хэд хоногийн өмнө Б.Наранхүү Э.Дашид хоёр өрөө байрны түлхүүр гардуулахдаа “Ах нь чамайг улсын начин цолтой болгоно. Энэ байраар цолыг чинь мялааж байгаа юм шүү” гэсэн юм билээ. Тэгэхээр Э.Даш наадам болоогүй байхад улсын начин цол хүртэнэ гэдгээ мэдсэн байсан гэсэн үг. Тэрбээр цол, тэмдгээ гардсаныхаа дараа сэтгүүлчдэд “Төрүүлж өсгөсөн аав ээж, ах дүү, Б.Наранхүү ахдаа баярлалаа” гэж хэлсэн нь дээр бичсэн зүйлийг улам бататгаж байгаа юм. Б.Наранхүү нутгийн дүү, аймгийн арслан А.Алтанхуягийг ч “Би чамайг мөнгөөр начин болгуулж чадна шүү” гэж хүртэл хэлэхэд нь А.Алтанхуяг зөвшөөрөлгүй, “Чин шударгаар барилдана” гэж эр хүн шиг хариулсан гэдэг. Тиймээс бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр хэдхэн жилийн өмнө улсын начин цол хүртсэн Т.Баасанхүүг энэ найраанд хутгалдсанд наадамчид мөн л дургүйцэж байсан. Гэхдээ мөнгө гэдэг өнөө үед хүчтэй болсон цагт нэр хүндээс илүүд тавигддаг болжээ.
Улсын начин А.Алтанхуяг
Үүний дараа дархан аварга Г.Өсөхбаяр улсын начин Н.Батзаяад гурвантаа шидүүлсэн инээдтэй мөч харагдав. Уншигч та тэдний барилдааныг телевиз, интернэтээр үзсэн болохоор одоо ярихад илүүц биз. Ямартай ч дархан аварга маань бэлтгэл муу байсных уу хөлийн цэцийг суудлаас нь хүртэл босгож, цай аягалж тухласан. Барилдаж байгаа хүмүүс хэзээ ингэж сууж цай уучихаад дахиад өрдөг байсан юм бэ. Ядаж бэлтгэл хийж байсан бол яая гэхэв. Тэр байдлаараа дархан аварга наадамчин олноо бухимдуулж, доромжлоод авна билээ. Г.Өсөхбаярыг суучихаад цай уугаад байхаар нь улсын начин Н.Батзаяа амралт өгөхгүйн тулд барилдах гээд тохойноос нь татсан ч ундууцаж байгаа бололтой гараа татаж, буруу хараад суучихсан. Тэр үед МҮБХ-ныхон өчүүхэн ч юм хэлж шаардаагүй. Харин үзэгчид “Ноёны бөх босьё оо” гээд хашгирч байж нэг юм өндийлгөсөн. Ноён гэдэг нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг хэлж байгаа юм. Г.Өсөхбаяр дээрх холбоонд ёстой л нэг дархлагдсан этгээд билээ. Хэрвээ А.Сүхбат ингэсэн бол тус холбооныхон аль хэдийнээ хасах байсан биз. Ингэж ингэж дахиж барилдахдаа Г.Өсөхбаяр Н.Батзаяаг өнөө “үхлийн барьц” гэдгээрээ “хүлж” байгаад шахаж татаад мордсон ч начин тэр дороо эргэж аваргын тохойг түрүүлж газардуулчихав. Гэвч аварга мөн л тахимаа өгөхгүй гэж гүрийсэн ч дэлгэцээр өөрийнхөө унаж байгаа бичлэгийг удаашруулж хараад итгэсэн. Тэр үед зарим хүн “Г.Өсөхбаяр Н.Батзаяаг А.Сүхбатыг өшиглөдөг шигээ тийрэх вий дээ” гэж өмнөөс нь болгоомжилж байсан шүү. Н.Батзаяагийн гэр Монгол бөхийн өргөөний дэргэд байдаг болоод ч тэр үү заалны барилдаанд байнга зодоглодог байсан нь зургаагийн даваанд улсын арслан Н.Батсуурийг ч өвдөг шороодуулахад нэмэр болох шиг болсон.
Наадмын төгсгөлд олны амыг сонсох нь ээ “Г.Өсөхбаяр долоогийн даваанд хэн нэгнийг амалж найраагаар заан цол хүртээх гэсэн байж. Тиймдээ л Н.Батзаяатай үхэн хатан тэмцэлджээ” гэж дуулдсан. Тэрбээр өмнө нь найраагаар олон хүнийг цолд хүргэсэн болохоор үнэн ч байж болох юм. Энэ жилийн наадмын улсын начны найраа 200 сая гарсан болохоор заан цол хүртээвэл Г.Өсөхбаяр ямартай ч 300 саяыг халааслах байжээ. Хэрвээ энэ үнэн бол тэр зүүний магнайг булаацалдах шаардлага ч байсангүй. Тэгснийхээ оронд А.Сүхбатыг гаргасан бол хамаагүй дээр байж. Тавын даваанд ямар ч ашиггүй унахаа мэдсэн бол А.Сүхбат шиг зодоглоогүй байсан нь нэрэнд нь цэвэр байж дээ. Тун удахгүй допингийн шинжилгээний хариу гарна. Тэндээс бульхай илэрчихгүй л бол энэ жилийн наадмын үндэсний бөхчүүдийн онигоо ингээд өндөрлөнө.
У.БОДОЛ
www.breakingnews.mn