Үндэсний өдөр тутмын “Монголын мэдээ” сонин уншигч та бүхэндээ шинэ соргог мэдээ мэдээллийг түгээсээр 17 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа билээ. Энэ хугацаанд олон сонирхолтой буланг нээж, мэргэжилтнүүдийн санаа бодлыг хүргэж байсан. Тэгвэл энэ удаа “Оюунаа эмчийн булан”-г та бүхэнд хүргэх гэж байна. Хүн бүхэн эрүүл мэнддээ анхаардаг болсон энэ цаг үед ЭХЭМҮТ-ийн Удам зүйн кабинетийн эмч, удамзүйч, Анагаах ухааны доктор Ө.Оюунчимэг жирэмсэн эмэгтэйчүүд болон хэвлийд тань бойжиж буй үрд тань хэрэгтэй тун чухал зөвлөгөөнүүдийг бэлтгэн хүргэх юм. Ингээд “Оюунаа эмчийн булан”-гийн анхны дугаарыг та бүхэнд хүргэж байна. Тэрбээр вирусын цочмог халдвар болох улаанууд, улаанбурхнаар жирэмсэн эмэгтэй өвчилсөн тохиолдолд ургийн хөгжилд нөлөөлж болох эрсдэлийн талаархи мэдээллийг хүргэж байна. Мөн та Оюунаа эмчээс асуух зүйлээ түүний https://www.facebook.com/unshigbayar.oyunchimeg хаягаар тодруулаарай.
Жирэмсний эхний гурван сартайд ургийн халдвар үүсэх эрсдэл нь 80, хоёр дахь гурван сартайд 25, жирэмсний сүүлийн гурван сард 35, 36 дахь долоо хоногт эх халдвар авсан бол урагт 100 хувь халдварлах эрсдэлтэй байдаг гэж үздэг.
Улаануудаар жирэмсэн үед өвдсөн эхээс төрсөн хүүхдэд илэрч болох эмгэг өөрчлөлт:
-Мэдрэхүйн мэдрэлийн сонсгол алдагдал- 50-75 хувь
-Сохрох, нүдний болор цайх, глауком- 20-50 хувь
-Зүрхний хөгжлийн гажиг – 20-50 хувь
-Мэдрэлийн эмгэг- 10-20 хувь
-Бусад шинж тэмдэгт өсөлтийн хоцрогдол, ясны эмгэг, элэг дэлүү томрох, хүүхдэд хожуу илрэх шинж тэмдгүүд нь чихрийн шижин, бамбай булчирхайн үрэвсэл, өсөлтийн дааврын дутагдал, зан төрхийн өөрчлөлт зэрэг юм.
1. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, насанд хүрч буй охидыг вакцинд хамруулах
2. Хүүхэд, нярайг товлолт хугацаанд нь бүрэн вакцинжуулах нь хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээ байдаг.
-Нэгдүгээр тун 9 сартайд
-Хоёрдугаар тун 2 настайд
Хэрэв товлолт дархлаажуулалтад хамрагдаагүй тохиолдолд жил бүрийн тавдугаар сарын 20-30, аравдугаар сарын 1-10 хүртэл үед нэмэлт болон нөхөн вакцинжуулалтад мэргэжлийн эмчид хандан хамрагдах шаардлагатай.
-Улаанууд, улаанбурхны вакциныг жирэмсэн эхэд тарьж болохгүй.
-Хэрэв жирэмслэхээр төлөвлөж байгаа тохиолдолд вакцин хийлгэснээс хойш нэг сарын дараа жирэмслэлтээ төлөвлөж болно.
-Хэрэв жирэмслэлтийн эхэн үед улаануудын халдвар авсан тохиолдолд урагт 90 хувьд нь төрөлхийн улаануудын өвчлөл үүснэ гэж үздэг учраас ихэнх улс орнуудад урагт үзүүлэх хор нөлөөг эцэг, эхэд таниулан үр хөндөлтөөр шийддэг байхад зарим хувь хүн, улс орны шашин шүтлэг, зан заншилтай холбоотой үр хөндөлтийг зөвшөөрөхгүй байх нь цөөн биш байдаг. Хэрэв эх жирэмсний сүүлийн саруудад халдвар авч өвчилсөн тохиолдолд ургийн өсөлт хөгжлийг хянан, сонгомолоор гэмтээдэг эрхтэн тогтолцооны хөгжилд үнэлгээ өгч, төрсний дараа шаардлагатай эмнэлэгийн тусламжийг үзүүлнэ.
-Харин улаанбурхны халдвар авсан тохиолдол нь шууд үр хөндөх заалт болохгүй, харин тухайн жирэмсэн эхийн ургийн өсөлт хөгжлийн явцыг онцгой хянах шаардлагатай байдаг.