Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дорноговь аймгийн төв болон зарим сумдад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар шалгахад тус аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2014 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор “ Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Тэргүүлэгчдийн ажил дүгнэх, урамшуулал олгох журам”-ыг батлан хэрэгжүүлсэн нь холбогдох хуульд нийцээгүй байна. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2- д “Төлөөлөгчдийн Хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тэдгээрт Тэргүүлэгчид урамшуулал олгож болох бөгөөд хэмжээ, олгох журмыг нь аймаг, нийслэлийн Хурал баталж…” гэсэн заалтыг зөрчин хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн байх бөгөөд авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нөхцөл байдлыг бий болгосон байна.
Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хууль зөрчсөн тогтоолыг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, хүчингүй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авч, дүнг шийдвэрийн хамт 2015 оны 08 дугаар сарын 20-ны дотор тус газарт ирүүлэхийг албан бичгээр мэдэгдлээ.