Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар 2013 оны 7-р сарын 3-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сарынхаас 0.1 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: 2013 оны 7-р сарын 3-ны байдлаар өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 0.5 хувь, адууны махны үнэ 2.4 хувь, ямааны махны үнэ 0.6 хувиар буурсан байна. Махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 0.4 хувь, адууны махны үнэ 1.6 хувиар буурсан байна. Бусад махны үнэ тогтвортой байна. 2013 оны 7-р сарын 3-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 8100 төгрөг, хонины цул мах 8000 төгрөг, үхрийн /ястай/ мах 8914 төгрөг, үхрийн цул мах 10286 төгрөг, ямааны мах 6133 төгрөг, адууны мах 6660 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2013 оны 7-р сарын 3-ны байдлаар савласан дээд гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувиар буурч, задгай 1-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2013 оны 7-р сарын 3-ны байдлаар элсэн чихрийн үнийг өмнөх сарын дундаж үнэтэй болон, өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цагаан будааны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Т.Анир