Япончууд 70 жилийн тэртээх хар өдрийг дурслаа

olloo_mn_1439169122_japanХүн төрөлхтөн бие, биенийхээ эсрэг цөмийн зэвсэг хэрэглэсэн хар түүх бичигдсэнээс хойш 70 жил өнгөрчээ. АНУ, Их Британи батлан хамгаалах салбарт урьд өмнө байгаагүй шинэ хөнөөлт зэвсэг бүтээснээ 1945 оны наймдугаар сарын 6, 9-ний өдөр Японы Нагасаки, Хирошима хотод туршсан юм. АНУ-ын агаарын цэргийн Энола Гей бөмбөгдөгч онгоц 1945 оны наймдугаар сарын 6-ны өглөөний 08.15 цагт Хирошима хотод атомын бөмбөг хаясан бөгөөд бөмбөг дэлбэрэх агшинд 70 мянган хүн, бөмбөгдөлтийн дараа мөн төдий тооны хүн амь үрэгдсэн юм. Үүнээс гурав хоногийн дараа буюу наймдугаар сарын 9-нд Нагасаки хот мөн бөмбөгдөлтөд өртөж 80  мянган хүн амиа алджээ. Бөмбөгдөлтийн уршгаар Японы 20 мянган цэрэг дайчид, 226 мянган энгийн иргэд амь насаа алдсан бол АНУ Японд олзлогдоод байсан 20 цэргээрээ л хохирсон байдаг. Түүхчид “хүйтэн дайн” гэж нэрлэгдсэн цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх их аян чухам энэ өдрөөс жинхэнэ утгаараа эхэлсэн гэж үздэг юм.

Энэхүү бөмбөгдөлтийн уршгаар амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх ёслол өчигдөр Нагасаки хотод болж өнгөрлөө. Хүндэтгэлийн ажиллагаа Нагасаки хотын Энхтайвны цэцэрлэг буюу атомын бөмбөг унасан газрын ойролцоо явагдсан бөгөөд бөмбөгдөлтөд өртөн амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн, Ерөнхий сайд Шинзо Абэ тэргүүтэй төр засгийн өндөр албан тушаалтнууд, дэлхийн 75 орны төлөөлөгчид оролцжээ.

Атомын бөмбөг дэлбэрсэн цагт буюу өглөөний 11.02 цагт зочид амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогссоноор хүндэтгэлийн ажиллагаа эхэлсэн. Ерөнхий сайд Шинзо Абэ хүндэтгэлийн ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Япон улс цөмийн зэвсгийн эсрэг тууштай зогсоно гэдгээ батлан илэрхийлж байсан ч түүний энэхүү үгэнд үл итгэгчид ч мөн Энхтайвны цэцэрлэгт хүрээлэнд иржээ. Тэдний нэг нь Нагасаки хотын дарга Томихиса Тауэ. Япон улс зэвсэглэлээр хөөцөлдөхийг эсэргүүцэж байгаа гэх ч батлан хамгаалахын зардлаа өсгөж байгааг Т.Тауэ шүүмжилсэн юм.

Тэрбээр хүндэтгэлийн ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч болон цөмийн зэвсэгтэй бусад орны төрийн тэргүүнүүдэд урилга илгээсэн бөгөөд Майничи сонины бямба гарагийн дугаарт “Би манай хотыг бөмбөгдсөн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон цөмийн зэвсэгтэй бусад орнуудын төрийн тэргүүнийг газар дээр нь ирж үзэхийг урьж байна. Хүрээд ир, тэгээд 70 жилийн өмнө хаясан тэр бөмбөг юу болгосныг харцгаа” хэмээсэн ярилцлага өгсөн байв. Хирошима, Нагасаки хотын удирдлагууд өнгөрсөн жилийн ёслолд АНУ-ын Ерөнхийлөгчийг урьсан ч очоогүй. Энэ удаа ч мөн очоогүй бөгөөд Элчин сайд Кэролайн Кеннеди улсаа төлөөлөн оролцсон юм.

Атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн, Нагасаки хотын иргэн 86 настай Сумитеру Танигучи ч мөн Т.Тауэтэй адил бодолтой байгаа бөгөөд Ш.Абэгийн баримталж байгаа бодлогыг дэмжихгүй гэдгээ ВВС агентлагийн сурвалжлагчид илэрхийлсэн байна. Энэ буурай “Эрх баригчид АНУ-ыг гол холбоотноо гэж үзсэнээр өөртөө төм лай хурааж байна” хэмээн санаа нь зовж явдгаа нуулгүй өгүүлжээ.

Хүмүүс 70 жилийн тэртээ болсон бөмбөгдөлтийг санахдаа Хирошимаг л санаад Нагасакиг дурсахгүй байх нь олонтаа. Үнэн хэрэгтээ 1945 оны тэр үйл явдал бол АНУ Дэлхийн хоёрдугаар дайн дуусахаас урьтаж шинэ зэвсгээ шалгах урьдчилан төлөвлөсөн үйл ажиллагаа бөгөөд “Сувдан эрэг”-ийн гэнэтийн довтолгоо шалтаг болж өгсөн юм. Америкчууд Хирошимад ус­төрөгчийн бөмбөг хая­сан бол Нагасакид плутонийн бөмбөг хаясан бөгөөд энэ нь амь үрэгдсэн хүний тоо бага боловч өмнөхөөсөө илүү хүчтэй байсан юм. Тийм ч учраас Нагасаки хот илүү сүйджээ. Сумитеру Танигучи бөмбөгдөлтөөс үлдсэн аймшиг­тай сорвинуудаа харуулсан тэр агшныг барууны мэдээллийн агентлагууд “Хүндэтгэлийн ажиллагааны оргил хэсэг” хэмээн нэрлэж байна. С.Танигучи хүндэт зочдын суудалд Ерөнхий сайд Шинзо Абэтэй мөр зэрэгцэн сууж таарсан бөгөөд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болон батлан хамгаалах салбарт баримталж байгаа бодлогынх нь талаар юу бодож явдгаа хэлээд амжсан байна. Ш.Абэ түүний хэлснийг сонсохуйц ойрхон зайд суусан ч ямар нэг байдлаар хандалгүй, цэх урагшаа харан суусаар хүндэтгэлийн ажиллагааг дуусгасан байна.

НҮБ-ын ЕНБД Бан Ги Мун Ш.Абэд ирүүлсэн цахилгаандаа “Хиршима, Нагасакид тохиолдсон шиг явдал дахин хэзээ ч бүү тохиолдог” хэмээн онцлон тэмдэглэсэн нь учиртай. Бөмбөгдөлтийн уршгаар хотын хүн амын гуравны нэг нь амиа насаа алдсан бөгөөд цацраг туяаны хордлогоос үүдэлтэй өвчлөл үе дамжин үргэлжилж, одоо ч тус хотын хүн амыг цөөлсөөр байгаа юм.

Нагсакиг бөмбөгдсөнөөс хэдхэн хоногийн дараа Япон улс үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Дэлхийн хоёрдугаар дайн төгсгөл болсон. Тэр үед Япон, Герман, Италийн эвсэл дайнд ялагдах нь ойлгомжтой болоод байсан үе тул хоёр бөмбөгийг хаях шаардлага байсан эсэх дээр одоо хүртэл маргаан өрнөсөөр байгаа билээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …