Өчигдөр орой орон нутгийн цагаар 11:30 цагийн үед Хятадын далайн боомт хот Тяньжинд хүчтэй дэлбэрэлт болжээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр уг дэлбэрэлт нь аюултай барааны тээвэрлэлт хийдэг Тяньжиний Донжянь Порт Руй Хай Интернэшнл Ложистикс хэмээх тээвэр зуучийн компанийн агуулахад болсон байна. Дэлбэрэлтийн үеэр агаарт мөөг хэлбэртэй асарт том үүл бий болж 10 км зайтай газарт доргилт мэдрэгджээ.
Дэлбэрэлтээс болж 17 хүн амиа алдаж 400 гаруй хүн шархадсан байна. Энэ тоо цаашид цагаар өсөх магадлалтай байна. Дэлбэрэлт болсон газрын ойр орчимд байрладаг олон улсын тээврийн компаниудын агуулахууд болон түүнд хадгалагдаж байсан их хэмжээний автомашин, тоног төхөөрөмж эд бараа шатсан байна. Нүдээр үзсэн гэрчийн яриагаар бол том контейнерүүд дэлбэрэлтэд шидэгдсэн гэнэ. Хохирлын хэмжээ цаашид ч нэмэгдэх төлөвтэй гэнэ.
Хоорондоо 30 секундын зайтай хоёр дараалсан дэлбэрэлт болсон бөгөөд 100 орчим галын машин дэлбэрэлт болсон газар ажиллаж байна. Гал сөнөөгчдөөс арваад нь бэртэж гэмтсэн, мөн хоёр нь сураггүй болоод байгаа гэнэ.
Шархдагсадын ихэнх нь чулуу болон шилний хагархайгаас бэртэж гэмтэн шарх авчээ. Дэлбэрэлт хэр хүчтэй болсныг холоос гар утсаараа камерын бичлэг хийж байгаа хүнд хүрсэн доргилтоос харж болохоор байна. Дараалсан асар хүчтэй дэлбэрэлтийн улмаас хотын оршин суугчид шоконд орсон тухай Синьхуа агентлаг уламжилжээ. Одоогоор энэ хэрэг явдлыг ямар нэгэн санаатай халдлага хэмээн үзэх үндэсгүй байгаа бөгөөд учир шалтгааныг нь тодорхой болсны дараа олон нийтэд мэдээлэх аж.
Эх сурвалж: www.bataar.mn