Хянганы нуруун дээрээс ялалтын буудлага хийсэн танкчин

2015081201Дуурсах нэр, дурсагдах гавьяагаа тод томруунаар үлдээсэн ахмад дайчдын нэг нь армийн алдарт хурандаа Загдын Аюуш билээ.

Хурандаа Загдын Аюуш 1924 онд Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд төрсөн, 1942 онд цэргийн албанд ирж, танкийн сургуулийн ротод суралцан танкийн механик жолоочийн мэргэжил эзэмшээд  1943 оны хавар Монголын Ардын Армийн зэвсэглэлд БТ-7 маркийн танкууд ЗХУ-аас ирж, эхний танкуудад Сүхбаатар, Чойбалсан, Магсаржав гэсэн нэр өгөхөд Д.Сүхбаатар 01 дугаартай танкийг З.Аюушид хүлээлгэн өгснөөр армийн анхны танкчдын нэг болжээ.

Армийн анхны танкийн рот 1944 оны 6 дугаар сард ЗХУаас ирсэн 30 гаруй БТ-7 танкийг Баянтүмэний төмөр зам дээрээс авч, Хэнтийн Өндөрхаан хотод төвлөрөн байрласнаар танкийн 3 дугаар хороо болон өргөжин байгуулагдсан түүхтэй. 1945 оны 8 дугаар сард манай улс Японд дайн зарлаж, Монголын ардын армийн нэгтгэл ангиуд Зөвлөлтийн армитай хамт Чөлөөлөх дайнд оролцсон юм. Танкийн 3 дугаар хороо МАХЦ-ийн 7, 8, 9 дүгээр дивизийн хамт дайсныг бут цохих гол хүчний бүрэлдэхүүнд багтан байлдааны маршаар улсын хилийг давж Хятадын Яндуу хийд, Долнуурын чиглэлд давшилтад орсон байна. Манай танкчид Өвөр монголын нутагт Авга гүний хүрээг эзлэх тушаалыг хугацаанд нь гүйцэтгэж, ихээхэн хэмжээний зэр зэвсэг, техник хэрэгсэл олзолж, зөвлөлтийн цэргүүдийг япончуудын бүслэлтээс гарахад туслах зэргээр байлдааны үүргээ амжилттай биелүүлжээ.

Танкийн 3 дугаар хорооны дарга, хошууч З.Дагвадорж “Биднийг марш үйлдэж явахад элсэн манхан, говь цөл, аадар бороо, ус шавар таарч, аагим халуун 40-45 градуст хүрч, ар талын хангамжаас хол тасарсан боловч бэрхшээл саадыг даван 3 хоногийн дотор дайсны нутгийн гүнд 400-450 км орж, улмаар Өвөр Монголын Долнуур хотыг эзэлсэн юм. Манай хорооноос байлдааны үүргээ гарамгай биелүүлсний учир штабын дарга Жамъян, ротын улс төрийн орлогч Дамдинжав, танкийн механик жолооч З.Аюуш, Б.Дорж, холбоочин Жамбал, танкийн дарга Чулуун, жолооч Хас нарын олон хүн төрийн дээд  одон, медалиар шагнагдсан юм” гэж дурдсан байдаг.

БТ-7 танкаар 20 метрийн зайд харайлт хийн танкчины ур чадвараа гайхуулж явсан залуу Аюушийн дайны талбарт гаргасан эр зоригийн тухай домог ярианууд Чөлөөлөх дайны ахмад дайчдаас ам дамжин өнөөг хүрчээ. Нэг удаа танкчид бага амралт хийн хоол цай болж байтал японы явган цэрэг бүсэлснийг мэдээд яахав, ийхэв гэсэнд Аюуш “Танктай хүмүүсийг яадаг юм, эд нар. Танкандаа суугаад харсан чигтээ дайр гээд тэр ёсоор тараад давхитал япончууд яаж ч чадалгүй зугтсан, лам нарын дундаас японы тагнуулыг таньж барьсан, дайнаас буцаж ирээд үерлэсэн Хэрлэн голыг танктайгаа түрүүлж гатлан хороогоо араасаа авч гарснаар зөвлөлтийн танкчдын өмнө монгол танкчдынхаа нэр нүүрийг тахалсан зэрэг домгуудыг түүний цэрэг дайчид нь сонсож, тэмдэглэж үлдээсэн байна.

“Хурандаа, та японы тагнуул барьснаа яриач” гэхэд Аюуш гуай “Миний тагнуул барих гэж юу байдаг юм. Нэг муу бээвийсэн япон л надад тааралдахгүй юу” хэмээн даруухан хариулт өгч байсан гэдэг. Дайн дуусч, ялсан армиудын суу алдрыг тэмдэглэн ёслолын буудлага хийхээр Хянганы нуруун дээр орос, монголын хоёр танк гарсны монгол танкчин нь Загдын Аюуш байжээ. Хожим нь Аюуш хурандаа ялалтын 30 жилийн ойн уулзалтад оролцохдоо “Өгсөхөд сайн мэдэгдээгүй, буухад л маш хэцүү байсан” хэмээн дурсамжаа ярьжээ.

Дэлхийн II дайны жилүүдэд Монголын армид бэлтгэгдэж, Чөлөөлөх дайнд оролцсон армийн анхны танкчдын гал голомтыг авч явсаар 1964 онд танкийн анхны тусгай батальоныг байгуулж мотобуудлагын шинэ армид хүлээлгэн өгсөн хүн бол  хурандаа З.Аюуш юм. “Аюуш нь орчин үеийн байлдааны техникийг эзэмшин байлдаанд ангиа бэлэн байлгахад их анхаарал тавьж байсны дүнд 1964-1965 оны хичээлийн жилд зөвлөлтийн мэргэжилтэн нарын тусламжтайгаар танкийн механик жолооч тоотуудыг сурган ямар ч үед танкийг эзэмшиж чадах кадр хүчнийг бий болгосон юм” гэж армийн тухайн үеийн удирдлага дүгнэжээ.

Хурандаа З.Аюуш нь манай армийн анхны танкчдын нэг төдийгүй, анхны мотомеханикжуулсан тусгай ротын даргаар ажиллаж, танкийн анхны тусгай батальоныг байгуулжээ. 1957 онд манай арми дайны үеийн танкийн хорооноос үлдсэн ганц ротынхоо бүх танкийг ЗХУ руу ачуулахад үлдээж хадгалсан ганц Т-34 танк өнөөдөр Зайсан толгойн бэлд Эх орны дайнд монголын ард түмнээс зөвлөлтийн армид бэлэглэсэн “Хувьсгалт Монгол танкийн цуваа”-нд зориулсан хөшөө болон сүндэрлэж байна.

Аюуш хурандаа энэ танкийг генерал Б.Цогийн шийдвэрээр авч үлдээд задалж хадгалснаа 1964 онд танкийн тусгай батальоныг байгуулахдаа гаргаж угсран шинэ танкууд иртэл өөрөө жолоодон сургалт явуулж байсан гэдэг.
З.Аюушийг дайны дараа Бүх цэргийн жанжны тушаалаар офицерын албан тушаалд дэвшүүлэн ажиллуулжээ. Хурандаа Аюуш Зэвсэгт хүчинд тасралтгүй 36 жил, үүнээс 18 жил удирдах албан тушаалд ажиллахдаа төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор 3 удаа шагнагдсан ховорхон түүхтэй хүн.

1945 оны Чөлөөлөх дайнд байлдааны үүргээ онц гарамгай биелүүлсэн учир 21 настайдаа анхны Алтан гадас,
Монголын Зэвсэгт хүчинд танкийн цэргийг үүсгэн хөгжүүлэх, танкийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, сургах болон улс армид он удаан жил үр бүтээлтэй ажилласан гавьяаг үнэлэн 2 дахь Алтан гадас, Улсын ургацын комиссын гишүүн, Намын Төв Хороо, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж, Монгол Улсад газар тариаланг хөгжүүлэхэд оруулсан гавьяагаараа 3 дахь Алтан гадас, мөн Сүхбаатарын одонгоор шагнагджээ.

Дайны дараах армийн олон удаагийн цомхотголоос сонгогдож армидаа үлдсэн, дайны хатуу бэрхийг туулж, цэрэг армийн асар их туршлагатай болсон дарга нар 1960-аад оны дундаас эхэлсэн МАА-ийн шинэчлэлийн эхлэлийг гардан хийсний нэг нь Аюуш хурандаа байсан юм. Эгэл даруухан ч алдартай энэ хурандаа Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө дайны талбарт тулалдаж, их бүтээн байгуулалтад армийн барилгын бага мэргэжилтнийг бэлтгэх сургууль, армийг өргөтгөхөд танкийн тусгай батальоныг байгуулж, армийн авто сургууль, авто тээврийн тусгай ангийг хөл дээр нь босгон улс ардын аж ахуйд ажиллахдаа салбар салбарын эхлэлийг тавихад чухал үүрэг гүйцэтгэсэн, онцолбол армийн танкчдын “эцэг” байх гавьяатай нэгэн.

Хурандаа армийн авто тээврийн тусгай батальоныг өргөтгөн зохион байгуулж улсын хэмжээний байгууллага болгон удирдахдаа Монголын Зэвсэгт хүчний нэрийн хуудас болон улс ардын аж ахуйд хүч хөдөлмөр, оюун ухаанаа зориулж, хадлан тариалан, ургац хураалт, зудын дайчилгаа зэрэг нүсэр ажлуудад хариуцсан ангиа удирдан тээвэрлэлтийн нэн чухал үүргүүдийг амжилттай гүйцэтгэж явсан дайчин шилдэг удирдагч, зохион байгуулагч дарга байсан.

Дайны фронт, цэргийн хуарангаас их ургацын талбар хүртэл эн тэнцүү амжилт гарган алдаршиж, ангийнхаа хойморт 5 Улаан туг залсан, сэтгэлгээний хурд, хурц сэргэлэн ухаанаараа домогшсон хурандаа Монголын Зэвсэгт хүчний түүхэнд ганцхан заяажээ хэмээн Цэргийн шинжлэх ухааны доктор, хурандаа Х.Шагдар түүний намтар түүхийг бичихдээ тодорхойлсон юм.

Хурандаа З.Аюуш нь Монгол Улсад Мотобуудлагын шинэ армийн эхлэлийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан, 10 гаруй жил Улсын ургацын комиссын гишүүн, Намын Төв Хороо, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийн үүргийг давхар гүйцэтгэн ургацын фронт дээр төр засгаа төлөөлөн ажиллахдаа зөвхөн армидаа төдийгүй улс даяар алдаршиж явсан эх оронч, нам төр, цэрэг нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатрын энтэй хүн байсан билээ.

Бэлтгэл хурандаа Г.ГАНБАТ

Соёмбо сонин

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …