Эмэгтэй хүн, эх хүнгүй айл өрх цаана л нэг гундуухан байдаг гэдэгсэн. Эдүгээ эх оронд иймэрхүү дүр зураг илэрхий харагдах мэт. Улс орны бодлого, хөгжлийн шинэ хандлага нь хойноо эх байгалиа хамгаалах, ирээдүй хоч үеэ анхаарахаас холуур өнгөрөөд байх шиг. Эндээс би онцлон буян буяны дээд хүмүүн буяныг түгээхэд бүсгүйчүүдийн оролцоо үгүйлэгдэж байгаа тухай хэлэх гэсийм…
Улс орон маань иргэдийн нэгээхэн хэсэг нь баян болж байна, уншигч та үүнд итгэхгүй байгаа бол замаар яваа үнэтэй машинуудыг, Зайсанд баригдаж байгаа тансаг хаусуудыг, МИАТ-ын авилгачдын залилангийн хөрөнгийн хэмжээг харж болно.
Мөн манай баячууд өвөл нь Улаанбаатарын утаанаас зугтан Хайнан, Сингапурт амарч, гадаад тогооч, филиппин гэрийн үйлчлэгчээрээ уралдан, эхнэрээ тансаг машин, үнэтэй брэндийн хувцас, алт бриллиантаар эрхлүүлж байгааг анзаарч болно. Эрх баригч намын далбаан дор төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан хурган дарга нар төрд ажиллаж байхдаа идсэн уусан, завшсан луйвардсан мөнгөөрөө гадаадад сурах нэрийдлээр эх орноосоо дүрвэн АНУ-д гэр бүлийн хамтаар амьдрах болжээ.
Хүний хүсэл шунал барагдахгүй юм даа, хэзээ үхэхээ мэдэхгүй, үхэхдээ хоосон буцдаг энэ хорвоод хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгө зоорь хураачихсан атлаа хүүхэд, ядууст буяны гараа сунгах ачтан ховорджээ. Монголын топ компаниудын удирдлагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа нэрээр өөрсдийгөө баахан рекламдаж, бусдад өчүүхэн тус хүргэснээ тэнгэрт тулах их сайн үйл хийсэн мэтээр мэдээлүүлнэ. Тэгсэн атлаа суварга нэртэй шавар овоолох, хурдан морь нэртэй адгуус уралдах, шоу нэртэй хагас галзуучуудын төлөө харамгүй мөнгө зарна.
Үндэсний ухамсар, уламжлалт соёл, удам угсаагаа гэсэн аливаа санаачлагаас ямагт бултана. За яахав, тэд ингээд буяны гараа бусдад сунгадаггүй юм байж, гэтэл тэдний эхнэр бүсгүйчүүд энэ мэт үйлсэд анхаарах цаг нь болжээ. Тэдэнд хандаж хэлэх үг надад байна.
Монгол бүсгүйчүүд хэзээнээс айл гэрийнхээ арын албыг хэнээр ч заалгахгүй сайн авч явж ирсэн түүхэн уламжлалтай. Эрчүүд төрд зүтгэж, эхнэрүүд гэрт зүтгэдэг байж. Эрчүүдийн “барих” төрийн бодлогын хойно гээгдсэнийг гэргий хатад нь анхааран авч гардан хариуцаж хэрэгжүүлдэг байсан гэдэг. Үүнийг л өдгөө зарим нэг нь хатан ухаан энэ тэр гээд өндөрт өргөмжлөөд байгаа гэнэм. Хэзээнээс монгол хатад /бүсгүйчүүд/ эдээр биеэ чимэхээс эрдмээр биеэ чимж байжээ.
Өнөө үед ч гэсэн олон арван бизнесмений ар талыг амжилттай авч яваа, өөрсдөө бизнест амжилт гаргаж яваа олон бүсгүйчүүд маань эрдэм мэдлэгээрээ хэнээс ч дутахгүй. Харин тэд олсон зөөснөө хоол унд, будаг шунх, гоёл чимэглэл, фитнес сургалт, ээмэг зүүлт, плаж туфли зэрэг хэрэглээндээ өдөрт хэдэн арван саяар нь зарцуулж байгаа. Тэгсэн атлаа нийгмийн, бусдын төлөө гэх энэрэнгүй сэтгэлийн өчүүхэн ч гэрэл гялбаагүй болж. Тиймгүйсэн бол өдий төдий хэрэглээний мөнгөнөөсөө багахан хэсгийг ч гэсэн илүүчлэх нинжин сэтгэл гарган, нэгдэн нийлж, өөрсдийн нь үр хүүхэд, ач гучтай нь адилхан насны өнчин хүүхдүүдийг асрах газар байгуулах юм уу, ийм газарт хөрөнгө оруулалт хийж, номын сан, урлаг тайз спорт танхим байгуулаад өгчих тал дээр анхааран халамжлах сэтгэл гаргах байсан бизээ.
Бидний бахархан дуурхайх дуртай эзэн Чингис хааны эх Өүлэн өнчин ядуусыг асрах сан байгуулж хариуцан ажиллаж байсан гэдэг.
Сүүлийн үед манайд сүртэй нэртэй, даржин дүртэй эмэгтэйчүүдийн байгуулага олон болжээ. ”Өүлэн эхийн оюуныг бадраах төв”, ” Манукол” академийн дэргэдэх “Хатан ухаан” ч гэх шиг. Тэд ингэж дэмий цэцэрхэхийн оронд аль нэг бодитой ажлыг барьж аваад хийвэл яасан юм вэ, бидний үр хүүхэдтэй адилхан насны, эцэг эхгүй өнчирөн хоцорсон өчүүхэн балчир хүүхдүүдэд юуных нь буруу байх вэ, тэднийг асран халамжлахад жаахан ч гэсэн сэтгэл гарган зүтгэвэл ямар вэ?
Гэхдээ эх орны ирээдүй хойч үе маань болсон хүүхэд багачуудыг хүний, өөрийн гэж ялгалгүй өөрт байгаа боломжоор асран тэтгэх нинжин сэтгэл манай бүсгүйчүүдэд байгаа гэдэгт би итгэдэг. Энэ чиглэлд эмэгтэйчүүдийн байгууллага төвүүд, эмэгтэй бизнесменүүд, улс төрч болон бизнесмений гэргий бүсгүйчүүд нэгдэн нийлж, дуу хоолойгоо олон нийтэд хүргэн, тодорхой үр дүнтэй бодит ажил хийх цаг нь болсон гэж боддог.
Буян буяны дээд нь суварга босгох, бурхан бүтээх биш гэгээхэн, цагаахан, хиргүй тунгалаг сэтгэлтэй амьд бурхад гэлтэй бяцхан багачуудыг баярлуулах, тэдний хөлийг дөрөөнд, гарыг нь ганзагнанд хүргэхэд нь туслах явдал байлтай.
Хэрвээ бүсгүйчүүд та бүхэн үүнийг хийгүй юм бол буяны байгууллага нэртэй гадна дотнын шашин соёлын байгууллагуудын орон зай улам бүр хүрээгээ тэлж, бидний хойч ирээдүй болсон багачуудыг өөр итгэл үнэмшил, өөр соёл уламжлалд татагдан дурлахад хүргэж болзошгүй болоод байна.
Бүсгүйчүүд та бүхний нэгдэн нийлсэн дуу хоолой энэ нийгэмд үгүйлэгдэж байна. Хонхны дуунд нойрноос сэрэх адил сэтгэлийн дуудлагаар нэгдэн нийлж эх орон, соёл уламжлалаа хамгаалах, сэргээх, өнчин өрөөснийг тэтгэн дэмжих бодлогыг хэрэгжүүлэх цаг иржээ.
Ц.Мөнх.ugluu.mn