Холливудын од, НҮБ-ын сайн санааны элч Анжелина Жоли энэ удаа Их Британий Лордуудын танхимын тусгай комисст илтгэл тавилаа.
Тэрбээр бэлгийн хүчирхийлэл гэсэн сэдвийг хөндөж, “Энэ аргыг “Исламын улс” хэмээх террорист байгууллага өргөн ашигладаг. Секс террор бол хамгийн харгис алан хядах зэвсэг болжээ” хэмээн мэдэгдэв.
Анжелин Жоли “Эмэгтэйчүүдийг дарлаж боолчилдог Исламын улсыг устгахыг уриалж байна. Тэд бяцхан охидыг хүртэл хулгайлж заран, бэлгийн боолчлолд оруулдаг” хэмээжээ.
Лордуудын танхимд Жоли 13 настай охины амьдралын талаар ярилаа. Охин ердөө 13 настай ч түүнийг олон удаа гар дамжуулан худалдсан гэнэ, хамгийн сүүлд л гэхэд дуудлага худалдаан дээр 40 доллараар зарсан гэж Анжелина өгүүлэв.
“Секс террорыг Исламын алан хядагчид дэлгэрүүлж байна. Улмаар энэ нь гэр бүлүүд, бүхэл бүтэн омог аймгийг ч устгах аюултай. Зөвхөн Сири, Ирак төдийгүй даян дэлхийд ийм аюул нүүрлэжээ” гэж Анжелина Жоли цохон тэмдэглэв.
Нэмж өгүүлэхэд, бэлгийн боолчлолд өртөж байсан бүсгүйчүүд хэрэв амьд үлдвэл “эзэд”-ээсээ хатуу, харгисаар өшөө авах тохиолдол үе үе гардаг. Иракийн Мосул хотод “Исламын улс” бүлэглэлийн хээрийн командирыг буудаж хөнөөсөн хэрэг гарсан билээ. Секс боол болж доромжлуулж хүчиндүүлж үйлээ үзэж байсан нэгэн бүсгүй түүнийг цааш харуулсан гэж гэрчүүд ярьжээ.
эх сурвалж: www.mnews.mn