Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны захирлуудын зөвлөлийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэх талаар ярилцлаа.
ЕСБХБ 2001 оноос манай улстай техникийн хамтын ажиллагаагаа эхлүүлж, 2014 оны байдлаар 2,6 сая еврогийн 17 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байна. Тус банк Улаанбаатарт суурин төлөөлөгчийн газраа 2006 онд нээснээс хойш идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.
Манай улсын хувийн хэвшлийн олон салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, санхүүжилт олгосонд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.
Тус банкны Ерөнхийлөгч Сэр Сума энэ оны гуравдугаар сард манай улсад хийсэн ажлын айлчлалынхаа үеэр Засгийн газартай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, Засгийн газрын бүтээн байгуулалт, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсын дэд бүтцийн салбар, тухайлбал төмөр зам, эрчим хүчний томоохон төслүүдийн санхүүжилтэд тус банкийг оролцуулах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд Европ Азийг холбосон дэд бүтэц бий болгохоор ажиллаж байна. Энэ салбарт бизнесийн өргөн боломж байгааг тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.