Арьсаа сайн хамгаалвал өвчин тусахгүй

Хүний биеийг бүхэлд нь хучиж буй уян хатан, нимгэн бүрхүүлийг арьс гэнэ. Арьс нь тухайн хүний амьдран буй орчин, халуун хүйтэн, биеийн хэмжээ, нас хүйс зэргээс хамааран хар, шар, цагаан гэсэн гурван төрөлд хамаарах өнгөтэй, нимгэн, зузаан, том жижиг гэхчлэн ялгаатай байдаг. Өнгө нь арьсанд агуулагдах будагч бодис буюу нөсөөний хэмжээнээс шалтгаалдаг бол орчны халуун хүйтний солилцооноос хамааран нимгэн зузаан, уян хатан байна.
3e5680b6ab7d40c0big
 Жишээ нь манайх шиг халуун хүйтэн ээлжлэн байдаг эрс тэс уур амьсгалтай орны хувьд ил хэсгийн арьс харьцангуй зузаан, чанга хөрслөг байдаг тул тэсвэртэй, нас хөгшрөх үед амархан сунаж үрчийх нь бага талдаа. Тэрчлэн хүүхдийн арьс булбарай зөөлөн, чанга байдаг бол эмэгтэй хүнийх түүнтэй ойролцоо боловч нимгэвтэр, уян хатан байдаг шүү дээ. Арьсны зарим хэсэг, хөлийн өсгий, ул, гарын  алга хатуу, зузаан байдаг бол хамрын үзүүр, хацар, эрүү, мөр, өвдөг орчмоор зузаавтар мөртлөө цусан хангамж илүүтэй байдаг нь хамгийн амархан даарах, хөлдөх магадлалтай учир сэргийлсэн зохицуулалт юм. Арьс зөвхөн нөмрөг биш. Амьсгалах, бодисын солилцоог зохицуулах, шүүрэл ялгаруулах, дулаан хадгалах гээд олон үүрэгтэй. Арьс нийтдээ 1,5-2 метр кв орчим талбайтай байдаг ч биеийн хэмжээнээс хамааран илүү том, эсвэл бага байж болно. Өөхөн давхрагыг оролцуулалгүйгээр арьс 0,5-5 мм орчим зузаантай долоон давхар бүтэцтэй. Арьсанд цусны судаснууд, мэдрэлийн маш нарийн ширхэг, тос, хөлсний булчирхай, үс, түүний уг, хумс янз бүрийн түвшинд байрлаж байдаг.
Жишээ нь хүний хамрын үзүүр, суга, цавь зэрэг нимгэн хэсгийн сайн ажиглавал жижиг нүхнүүд харлан байдаг нь тос, хөлс ялгарах сүвнүүд юм.  Ялангуяа суга, цавь орчмоос хөлс тос илүүтэй ялгарах бөгөөд ариун цэврийн дэглэм сайн сахихгүй тохиолдолд эвгүй үнэртэй болдог. Энэ үнэр хүн бүрт харилцан адилгүй байх тул шүүх эмнэлэгт ашиглах нь бий. Тэр тусмаа хүний гарын хурууний өндөгөн дэх хээ дахин давтагдашгүй байдаг нь эд мөрийн онцгой баримт болдог. Арьсны эвэрлэг давхрага маш нягт байх учир гаднаас хэр баргийн бохирдол, нян, вирус ч амархан нэвтлээд байдаггүй.
Тиймээс арьсгаа байнга арчлах, гэмтээх, хатах, хагарахаас сэргийлэх нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэсэн үг. Хүний хөлсний найрлагад олон төрлийн бодис байдаг бөгөөд хөлс арьсний сүвээр ялгарснаар бодисын болон дулааны солилцоо зохицуулагддаг төдийгүй арьсны гадна орчинг хүчиллэг болгоно. Ийм орчин элдэв нянг үхүүлэх чадвартай. Энэ чадвар арьс цэвэр байх тусам илүү найдвартай болдог. Гэхдээ арьсаа сайн арчилж байна гээд тохирох тохирохгүй тос, шампунь ашиглах нь арьсыг хуурайшуулах, хүчиллэг байдлыг алдагдуулах муу талтай. Арьсан дорхи өөхөн давхрага нь хамгаалах зөөлөвч гэж ойлгож болно. Өөөхөн давхрага дотор цусны судас, мэдрэлийн ширхэгүүд гээд бусад дайврууд бүгд байрлана. Зөөлөвч зайлшгүй шаардлагатай өгзөг, гуя, хэвлий гээд илүү зузаан газрууд байглаас заяасан нь хүний биеийн галбир, гоо сайхны илэрхийлэл болдог. Хөдөлгөөн дутагдсан, их идсэн зэргээс гадна зарим эмгэгийн үед дээрх газрын өөхөн давхрага ихсэж таргалах өвчин, эмгэг үүсгэдэг. Хэт таргалах нь арьсыг сунгаж, уян хатан чанарыг нь алдагдуулах тул жингээ хасах тохиолдолд арьс унжин, наснаасаа овортой харагдах нөхцөл болох талтай.
Арьс амьсгалд гол үүрэгтэй оролцдог. Арьс хэдийгээр сунамтгай эрхтэн боловч их хэмжээгээр гэмтсэн үед өөр хэсгээс хуулан авч нөхөх эмчилгээ хийдэг. Тэрчлэн донорын арьсаар нөхөх арга ч өргөн нэвтэрсэн байдаг. Хүний хоол хүнсээр дамжуулан авдаг амин дэмүүд арьсны уян хатан чанар, чийглэгт нөлөөлдөг. Гэхдээ эмчийн заавраар өөрт дутагдаж буй амин дэм, эрдэс бодис бүхий тос, түрхлэг хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа хөл гарын арьсаа хамгаалах нь өвчин эмгэгээс сэргийлнэ. Сүүлийн үед цөөнгүй хүнийг өвчлүүлж буй чихрийн шижин өвчтэй хүмүүсийн хувьд хөлний арьсаа гэмтээхгүй байхыг чухалчлах хэрэгтэй. Өвчний онцлогоос болж арьсан дээр гарсан шарх удаан эдгэрдэг, улмаар хүндрэх эрсдэлтэй байдгаас тэр.
Эх сурвалж: emch.mn

Санал болгох мэдээ

Өнөөдөр 75068 иргэнийг дархлаажуулалтад хамруулна

2021.04.29-нд ажиллах дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. Улаанбаатар хотод 113 цэгт 298 багийн …