Цалинг 10-30 хувь бууруулах саналыг дэмжлээ

11УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлээд буй төсвийн тодотголоор зарлага болон орлогыг 500 гаруй тэрбум төгрөгөөр бууруулахаар байгаа. Энэ хүрээнд тэвчиж болох зардлуудыг хэмнэх, дэд сайд нарын орон тоог цомхотгох, улс төрийн болон төрийн захиргааны алба хаагчдын цалинг 10-30 хувиар бууруулах зэрэг арга хэмжээ авах юм.

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр гишүүн Ц.Нямдорж уул уурхайн салбараас орж ирэх орлогын биелэлт хэр байгааг тодруулсан. Энэ талаар Уул уурхайн Р.Жигжид “Уул уурхайгаас орж ирсэн орлого эхний есөн сарын байдлаар 794.6 тэрбум төгрөгт хүрээд байна. Уг нь төлөвлөгөөгөөр 827.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх ёстой байсан. “Оюутолгой” компани энэ оны эхний есөн сарын байдлаар 310.2 тэрбум төгрөг, “Эрдэнэт” 202.5 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлээд байна” гэлээ.

Гишүүд энэ мэтээр асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй юм. Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Дараа нь Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Энэхүү хуулийн төслүүд нь 2016 оны төсвийн тухай хуулийг даган орж ирж буй бөгөөд зарим яам, агентлагийг өөрчлөн зохион байгуулах, орон тоог цомхотгохтой холбоотой зохицуулалтуудыг хийж өгч байгаа юм.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Хайрхан суманд нэг хүнд зориулж, 1.6 тэрбум төгрөгөөр байшин бариулах гэж байна. Гэтэл үүний нөгөө талд 2900 хүний цалинг бууруулж, 1.8 тэрбум төгрөг хэмнэнэ гээд байгаа. Энэ хоёрын аль зөв юм бэ, Сангийн сайд аа” хэмээн тодруулсан. Харин Б.Болор сайд “Архангай аймгийн Хайрхан суманд баригдаж байгаа барилга. Энэ талаар сайд С.Эрдэнээс асуу” гэлээ.

Мөн хуралдааны үеэр гишүүн Ц.Баярсайхан “Статистикийн байгууллагыг Засгийн газрын харьяанд оруулах нь оновчтой шийдэл биш. Би 2000 онд өөрөө энэ хуулийг санаачилж, УИХ-ын харьяанд байгуулахаар болгож, хуулиа батлуулж байсан. Гэтэл одоо буцааж байгаа нь хэр оновчтой шийдэл вэ” хэмээсэн. Түүнчлэн Ц.Нямдорж гишүүн статистикийн байгууллагыг Засгийн газрын харьяанд шилжүүлж буйг шүүмжилсэн юм.

Ингээд зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгасан. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ц.Баярсайхан, Ө.Энхтүвшин нар “Цалинг бууруулах Засгийн газрын санал хуулийн зөрчилтэй тул дэмжих боломжгүй” хэмээн санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй. Ингэснээр төрийн захиргаа болон улс төрийн алба хаагчдын цалинг ирэх онд 10-30 хувиар бууруулахаар боллоо. Үүнд 2900 хүний цалин хамаарч буй билээ.

Мөн Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газруудыг нэгтгэхгүйгээр хуучнаар үлдээх тухай санал гаргасан ч байнгын хороо дэмжсэнгүй. Харин Бүртгэл, статистикийн газрын нэрийг Бүртгэлийн ерөнхий газар хэмээхээр санал гаргасныг гишүүдийн олонхи дэмжсэн юм. Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдвал нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжинэ.

Өөрөөр хэлбэл, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 2900 гаруй хүний цалинг 10-30 хувь бууруулна. Мөн Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газруудыг нэгтгэх, Үндэсний статистикийн хороо болон Улсын Бүртэглийн ерөнхий газруудыг нэгтгэж шинэчлэн зохион байгуулах юм.

 

Л.Дэлгэр

www.eagle.mn

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …