Шинэ жил ойртож байна. Бяцхан үрс нь өвлийн өвгөнд бэлгээ захин, хүслээ шивнэж, арай томхонууд нь өвлийн өвгөн нь хэн болохыг мэддэг болохоор бэлгийн санаагаа үе үе цухуйлгаж байна уу?
Хүүхдэд зөвхөн “ууттай бэлэг” өгдөг уламжлал үеэ өнгөрөөснийг Та мэдсэн үү? Мэдээж баяр, тэмдэглэлт өдрийг бэлэггүйгээр төсөөлшгүй. Хүүхдийн баяр, шинэ жил, төрсөн өдөр гээд тэмдэглэлт өдрүүдэд хүүхдүүд аав ээж, эмээ өвөөгөөсөө гоё бэлэг хүлээдэг бичигдээгүй заншилтай. Бид хамгийн амттай нь гэж өндөгтэй шоколад, чипс, ундаа, резинэн чихэр гэх мэтийн зүйлсийг сонгодог ч үнэндээ эдгээр нь хүүхдүүдийн маань эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөггүй. Баярын дараа хүүхдийн шүдний эмнэлгийн ачаалал ихэсдэг гэсэн судалгаа хүртэл байдаг.
Хүүхдэдээ уут дүүрэн чихэр бэлэглэж эрүүл мэндийг нь хорлох уу, уутанд илүү хэрэгтэй зүйлс хийх үү, бэлгээр дамжуулж хүүхдээ чадваржуулах уу гэдэг сонголт таны гарт үргэлж байдаг. Иймээс бид танд дараах бүтээлч бэлгийн санааг санал болгож байна. Та бидний санал болгосон аргыг өөрсдийнхөө боломж, хүүхдийнхээ онцлогт тааруулан баяжуулж хүүхдүүдээ баярлуулаарай.
– Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх бэлгийн санаа
Амархан жортой амттаны материал бэлдээд хүүхдээ ахлах тогооч, өөрөө туслах тогооч болон амттан хийж туршаарай. Алимтай бялуу, бананатай жигнэмэг гэх зэргийн амархан бөгөөд амттай жорын дагуу хүүхэдтэйгээ хамтдаа хийх тэр мөч, хийснийхээ дараа өөрийнх нь хийсэн амттанг амтархан идэх тэр мөч хамгийн дурсамжтай, хамгийн мартагдахааргүй байна. Өөрийн гараар амттан хийсэн хүүхэд цаашид ямарваа нэг зүйлд бүтээлчээр хандах сэдэлтэй болно
– Хүүхдийн сонирхлыг өдөөх бэлгийн санаа
Хүүхдүүд томчуудаас үлгэр авч, даган дуурайж байдаг. Хэн нэгэн хоббиндоо үнэнч хүнийг хараад, тухайн зүйлийг их л сониучирхан сонжиж байдаг. Хэрэв та йога хийдэг бол хүүхдээ дагуулаад яв. Зураг зурдаг бол зургийн дугуйланд, хөгжим дардаг бол хөгжмийн дугуйланд явуулаарай. Ээж, аавынхаа дуртай зүйлийн нэг хэсэг нь байсан болохоор хүүхэд чинь энэ явдлыг хэзээ ч мартахгүй дурсаж явах болно.
-Хүүхдэд туршлага суулгах бэлгийн санаа
Хүүхдүүдийн эргэн тойронд томчууд байнга зураг дарж байдаг. Утсаараа, зургийн аппаратаар. Тэд үргэлж “зураг дарж үзэхсэн” гэсэн хүсэлдээ автаж байдаг тул та хүүхдээ дагуулаад сайхан байгальтай газар очиж зураг даруулаарай. Эсвэл зүгээр л хүүхэддээ утсаа өгөөд яаж объектоо голлуулах уу, яаж хүрээг нь тааруулах уу гэдгийг зааж өгөөрэй. Ингээд зогсохгүй сайн дарагдсан зурагнаас нь сонгоод угаалгаж, жаазлан өгвөл мартагдахааргүй бэлэг болохын зэрэгцээ амьдралд шаардагдах жижиг гэлтгүй ур чадварт хүүхэд чинь суралцсан байх болно.
-Хүүхдийг чадавхжуулах бэлгийн санаа
Хүүхдээ болзоонд урьж, яг л том хүмүүс болздог шиг сайхан хувцаслаад ресторонд ороорой. Менюг нь өөрт нь өгөөд, сонголтыг өөрөөр нь хийлгүүлээрэй. Яг л том болсон хүн шиг хандвал өөрийгаа чухал гэдгээ мэдрэхийг зэрэгцээ биеэ авч явах соёлд суралцах болно.