Хойд Хятадын Шаньси мужын их дээд сургуулиуд хичээлийн үеэр гар утас ашиглахыг хоригложээ. Өнгөрсөн Даваа гаригт Хятадын мэдээллийн сувгуудаар Тайюунь их сургуулийн оюутнууд хичээлдээ орохоосоо өмнө утсаа хэрхэн хураалгаж байгаа талаар зураг болон мэдээллийг тараасан байна. Ингэх болсон шалтгаанаа багш нар тайлбарлахдаа сургалтын чанарыг сайжруулах, оюутнуудыг төвлөрүүлэхэд туслах зорилготой гэсэн бөгөөд “Гар утасгүй анги танхим” гэсэн бичгийг анги болгоныхоо үүдэнд наажээ. Гар утасны хэрэглээ сүүлийн жилүүдэд маш эрчимтэйгээр өсөж байгаа. Статистикийн судалгаагаар БНХАУ-д 668 сая интернет хэрэглэгч байдаг ба 2015 оны эхний хагас жилийн байдлаар 594 сая гар утас хэрэглэгч байна гэсэн судалгаа байдаг байна. Хэрэглэгчдийн 78 хувь нь 10-аас 39-н насны иргэд байдаг ба түүний 31,4 хувь нь 20-29 насныхан байдаг аж. Энэ судалгаагаар интернет хэрэглэгчдийн хамгийн том бүлэг нь оюутнууд байдгийг баталсан юм.
Б.Нарангэрэл