Цөмийн технологийг ашиглах боломж

Технологи гэдэг нь Грекийн ур чадвар гэсэн утгатай үгнээс гаралтай бөгөөд цөмийн технологи гэж өргөн ут­гаар нь судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэл, хэрэглээний сал­баруудад тулгамдсан аливаа асуудлыг шийдэхийн тулд цөмийн физик, техник болон цөмийн цацрагийг ашиглах арга зүйг хэлдэг.

Цөмийг нээсэн алдарт эрдэмтэн Э.Резерфордоос таны судалж буй цөм практикт ямар хэрэгтэй эд вэ гэж асуухад, ямар ч хэрэггүй, цэвэр онол танин мэдэхүйн ач холбогдолтой зүйл гэж хариулсан гэдэг.

Гэтэл төд удалгүй, 1945 онд АНУ цөмийн цэнэгт атомын бөмбөгөө Японы Хирошима, Нагасаки хотуудад хаяж, үй олон хүний амь нас сүйдсэн бол, 1954 онд тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсад анхны Цөмийн цахилгаан станцыг ажиллуулж, хүн төрөлхтөнд эрчим хүчний цоо шинэ эх үүсвэрийг гардуулж өгсөн билээ. Энэ нь нэг талаас байгалийн шинжлэх ухааны онолын суурь судалгаа амьдралд хэрэгтэй эсэхийг урьдаас тааж мэдэх ямар ч боломжгүй бөгөөд энэ тухай асууж маргалдах нь утгагүй зүйл гэдгийг харуулж байна.

Нөгөө талаас, цөмийн дотор ямар их эрчим хүч, боломж агуулагдаж байгаагийн баталгаа болсон юм.
Физикийн шинжлэх ухааны түүхэнд ийм жишээ олон байдаг. Тухайлбал, Английн нэрт эрдэмтэн М.Фарадей 1831 онд цахилгаан соронзон индукцийн үзэгдлийг нээж байхдаа хүн төрөлхтөнд цахилгаан гүйдэл, хүчдэл гарган авах боломжийг бэлэглэж байгаагаа төсөөлөөгүй гэдэг.

Тэр ч байтугай, Германы эрдэмтэн Г.Герц 1888 онд цахилгаан соронзон долгионыг туршлагаар анх ажиглаж байхдаа утасгүй холбоонд уг долгионыг ашиглах боломжийг үгүйсгэж байжээ.

Цөмийн физикийн  хууль, зүй тогтлууд нээгдэхийн  хэрээр дэлхий дахинд цөмийн судалгааны арга, технологийг зөвхөн цэрэг дайны болон эрчим хүчний зориулалтаар төдийгүй анагаах ухаан, үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, геологи хайгуул, уул уурхай, зам гүүр, барилга байгууламж, хууль хяналт зэрэг маш олон салбарт ашиглаж байна.

Өөрөөр хэлбэл цөмийн технологийг хэрэглэхгүй салбарыг олоход бэрх болжээ.

Ер нь шинжлэх ухаан, технологийн ололтыг ашиг­лахгүйгээр орчин үеийн улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй. Улс орондоо мэдээллийн технологи, нанотехнологийг ну­тагшуулж ашиглах талаар манайхан сүүлийн үед нэлээд ярих боллоо. Ялангуяа хэрэглээний чиглэлийн мэдээллийн технологи  манайд овоо хөгжиж байна.

Цаашид энэ чиглэлийн онолын суурь судалгааг эрчимжүүлж, мэдээллийн шинэ технологийг боловсруулах асуудалд анхаарлаа хандуулах нь зүгээр болов уу.

Нанотехнологи  гэж миллиметрийг нэг сая хуваасан хэрийн хэмжээнд буюу атом, молекулын түвшинд бо­ловсруулалт хийх арга, ухааныг хэлж байна.

Угаасаа на­рийн технологи сайн хөгжөөгүй, багаж тоног төхөө­рөмжийн хангамж тааруу манай орны хувьд атом, молекульн түвшинд боловсруулалт хийх технологийг хөгжүүлэхэд бэрхшээл тулгарах нь ойлгомжтой.

Харин нанотехнологиос зуун мянга дахин бага орон зайд явагддаг үзэгдлийг ашигласан цөмийн технологи манай оронд нанотехнологиос түрүүлж амьдрал практикт нэвтэрч, хэрэгжиж эхлээд чамгүй хугацаа өнгөрч байна.

Хачирхалтай  гэмээр ийм үр дүнд хүрсэн нь цөмийн судалгаа, технологийн онцлог, багаж төхөөрөмжийх нь ажил­лах зарчим, арга зүйтэй уялдаатайгаас гадна манайд цөмийн физик, технологийн эрдэмтэн, мэргэжилтнүүдийг нэлээд дээр үеэс тодорхой бодлого, үе шаттайгаар бэлтгэж ирсэнтэй ч холбоотой.

Олон нийтийн боловсролд зориулав

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …