Хар тамхины хэрэгт холбогдсон Х.Ермек нарын зургаан иргэнийг шүүх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Уг нь өнгөрсөн жилийн гуравдугаар сард тэдэнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэж, ял оноосон ч давж заалдах шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм. Тэгвэл мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч Х.Ермек нарыг өнөөдөр шүүхээр болжээ.
Тодруулбал, анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Ермекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5-т зааснаар 11 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 6 сар баривчлах ялаар, шүүгдэгч Б.Явуухуланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5-т зааснаар 10 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч Э.Агарыг 6 сар баривчлах ялаар, И.Гомбо-очирыг 6 сар баривчлах ялаар, Б.Энхболдыг 6 сар баривчлах ялаар, Э.Уянгыг 6 сар баривчлах ялаар тус тус шийтгэсэн байдаг.
Хар тамхины хэрэгт холбогдоод байгаа Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан, Э.Уянга, И.Гомбо-Очир, Б.Энхболд нарыг Эрүүгийн хуулийн 188.3 буюу Галт зэвсэг байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлэх, Эрүгийн хуулийн 192 буюу Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан гэх үндэслэлээр тэдэнд яллах дүгнэлт үйлдээд байгаа.
Тэдний энэ үйлдэл нь давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн болохыг хуулийн байгууллагаас мөрдөн байцаалтын явцад тогтоосон байдаг.
Эх сурвалж: zaluu.com