УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоол-ын төслийг хэлэлцлээ. Уг төсөлд сонгуулийн зардлыг 16.4 тэрбум төгрөг үүнээс 2.5 тэрбумыг автоматжуулсан машин, системд, 3.2 тэрбумыг саналын хуудас хэвлүүлэхэд зарцуулна гэж тооцоолжээ. Ингээд энэ оны сонгуулийн нийт зардлыг 16.4 тэрбум төгрөг байхаар эцэслэн тогтсон юм.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Сонгуулийн зардалд 16.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна. Энэ зардлыг хэрхэн тооцоолж гаргасан бэ. Сонгуулийн тухай хуулиар сурталчигааны өдрүүд цөөрч, хамрах хүрээ ч багассан. Хэдий хэмжээний мөнгө хэмнэж байгаа вэ” гэж асуусан юм.
Энэ асуултад Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн “Зардал бол өмнөх сонгуулиас 400 гаруй сая төгрөгөөр багасч байгаа. Сонгуулийн насны хүний тоо нэмэгдэж байгаа. 2012 онтой 2016 оныг харьцуулахад сонгуулийн насны хүний тоо 146 мянгаар нэмэгдэж буй. 1905 хэсэг байсан бол одоо 2091 хэсэг болж байгаа юм. Хэсгийн тоо санал авах хүний тоо нэмэгдээд ирэхээр штабад ажиллах хүний тоо 5000 нэмэгдэж байгаа юм. Аймгийн сонгууль хамт явагдах тул саналын хуудасны тоо бас нэмэгдсэн. 2012 онд нэг талдаа сонгуулийн хуудас бичигддэг байсан бол 2016 онд УИХ, аймгийн сонгууль гээд саналын хуудасны хоёр талд бичигдэх юм. Ингэхээр зардал нэмэгдэж байгаа. 16.4 тэрбум төгрөгийг баталмагц аймаг, нийслэлийн, сум дүүргийн, хэсгүүдэд гэх мэтээр шат шатандаа мөнгөө хувиарлахад бага л мөнгө гарах юм. Автоматжуулахтай холбоотой 2.5 тэрбум төгрөг байгаа. Учир нь дөрвөн жилийн өмнөх сонгуулийн хар машины баттерей дууссан тул сэлбэг цэвэрлэгээний материалыг авах юм” гэлээ.
Д.ЖАРГАЛ