МЗХ-ны нэр барьсан “Шантаажчин”

munhbat-768x576

Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат өнөөдөр /2016.06.06/ “Хар жагсаалт” гэгчээ зарлалаа.
Ер нь А.Мөнхбатын зарласан хар жагсаалт гэгчид багтсан хүмүүсийг иргэд сонгохгүй байх учиртай аж. Энэ нь иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг л дээ. Гэхдээ нэг хүн “жагсаалт” зарлалаа гээд бусад нь сонгохгүй байна гэдэг бол утгагүй асуудал.
Түүний хар жагсаалтад АН, МАН, МАХН, ИЗНН гээд улс төрийн толгой хүчнүүдээс олон хүмүүс багтжээ. Ер нь хэн ч байсан тэднийг багтаана л даа. Гэтэл нэрийг нь огт сонсч байгаагүй, хэзээ хаана “ямар гай тарьчихсан” нь мэдэгдэхгүй хүмүүс хар жагсаалтад явж байх юм. Мөн бидний хүндэлж биширч явдаг урлаг, спортын “одод” хүртэл А.Мөнхбатын “хар жагсаалт”-д багтжээ.
Ингээд түүнээс “хар жагсаалт шударга болж чадсан уу” гэж асуухад “Бидэнд ард иргэдээс авсан маш олон саналыг баримт хадгалагдаж байгаа. 1992 оноос хойш Монголын төрийн үйлдсэн бүхий л болчимгүй, хариуцлагагүй үйл явдлууд энд орсон. 100 хар үйл явдал иргэдээс нэрлэгдэж гарсан. 100 хар үйл явдлын эзэд бол баримтаар бэлэн байгаа” гэсэ тайлбарыг өгсөн юм.
Дээр дурьдсан даа. Төрд олон жил ажиллаж, муу муухай бүхний үүр уурхай болсон хүмүүсийг МЗХ, А.Мөнхбат гэлтгүй, Монголын ард түмэн бүгд л “хар жагсаалт”-даа багтаачихна. Харин А.Мөнхбат сүржин арга хэмжээндээ тохирохооргүй хариулт өгч байна. Уг нь “хар жагсаалт”-д яг ямар шалгуур үзүүлэлт хангасан хүмүүс “гулсаж орж байгаа”-г тодорхой тайлбарлачихсан бол зүгээрсэн. Гэтэл 100 хар үйл явдлын эзэд гээд л ерөнхий тайлбар нь өөрөө сонин. Хар үйл явдал үйлдээгүй атлаа “хар жагсаалт”-д багтах нь бүр сонин.
Өөрөөр хэлбэл хэн нь үл мэдэгдэх хүнийг эсвэл ард түмний хайртай гавьятнуудыг яагаад хар жагсаалтад оруулсан бэ гэдгээ А.Мөнхбат тодорхой тайлбарлаж чадсангүй. Зүгээр л УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалт шиг зүйл гаргаад л түүнийгээ хар жагсаалт гэчихэж байгаа юм. Ер нь сонгуульд нэр дэвших гэж байгаа хүн бүр л “хар жагсаалт”-д багтах учиртай аж л дээ.
Тухайлбал, энэ сонгуульд нэр дэвшихээр болсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Эрдэнэтунгалаг, гүйлтийн тамирчин Б.Буджав зэрэг хүмүүс “хар жагсаалт”-д багтсан байна.
Тэд Монголчуудад ямар “гай” тарьсан бэ. Ямар хар явдал үйлдчихэв. Мөрөөрөө л амьдрал ахуйгаа авч явсан, Монголын нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан, дуу хоолойгоороо бусдыг уяраасан, хөгжөөсөн. Улмаар үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэхээр болж. Гэтэл А.Мөнхбат мэтээс эхлээд л “шантаачлаад” эхэлж байна.
“Шантаачлах” гээд биччихэж байгаа нь учиртай л даа. Учир нь А.Мөнхбаттай яриагүй, ямар нэгэн байдлаар холбоо тогтоогоогүй л бол ямар ч асуудалгүй шууд л “хар жагсаалт оруулдаг” тухай эх сурвалж хэлсэн юм. Тэгэхээр нэр дэвшихээр санаархаж байгаа, эсвэл нэр дэвших эрхээ авсан тохиолдолд А.Мөнхбатаас давхар зөвшөөрөл авах шаардлагатай аж. Үгүй бол “хар жагсаалт”-даа оруулаад л нэр хүндийг нь унагах ажилдаа ордог байх нь.
Түүнээс хар үйл явдал үйлдчихсэн хүн бүр багтахгүй гэдгийг жагсаалтаас харах боломжтой. Тухайлбал, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын нэрс “хар жагсаалт”-д алга.
Оффшор дансандаа нэг сая ам.доллар мартаж, Монгол Улсын татварын хуулийг ноцтойгоор зөрчсөн, Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан гэгдэг олон “хар үйл явдлын эзэн” С.Баярцогт багтдаггүй хар жагсаалт аж. Иргэдийг татвараар дарамталж, АСЕМ зохион байгуулах нэрээр улсын төвсийн салхинд хийсгэж байгаа Засгийн газрын тэргүүн мөн л багтах боломжгүй атлаа мөрөөрөө барилдаад явж байсан Х.Цагаанбаатар багтчихдаг ийм л ялгавартай “хар жагсаалт” ажээ.
Ер нь анх л “хар жагсаалт”-ын тухай мэдээлэл гарч эхэлж байхад л “шантааж” хийх зорилготой хэмээн таамаглаж байлаа. Энэ нь ч дээрх хэдхэн жишээгээр батлагдаж байх шиг.

Эх сурвалж:Tashuur.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …