Сангийн сайд Б.Болор “Сайдын цаг”-т оролцлоо. Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болсон.
Хуралдаанаар “Сайн хувьцаа” хөтөлбөрийн талаар хэлэлцэн, 1072 ширхэг хувьцаагаа эзэмшиж буй иргэдийн 300 ширхэг хувьцааг худалдан авах тухай журамд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ. Гэхдээ тэрээр чухам ямар өөрчлөлт гэдгийг тодруулсангүй. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улсын төсөвт дарамт үүсэхгүй, хууль зөрчсөн үйлдэл ч болохгүй гэв.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр улсын төсөв тасарснаас ирэх сараас эхлэн цалин тэтгэврээ тавьж чадахгүй, урсгал зардлуудаа ч санхүүжүүлж чадахгүй гэсэн мэдээг нийтэлжээ. Үүнд Сангийн сайд хариулт өгч, бүх зардлаа хуваарийн дагуу санхүүжүүлж байна гэв.
Харин Нийслэлийн ИЗНН өнөөдөр мэдэгдэл гарган, иргэдээс 300 ширхэг хувьцааг нь худалдан авах шийдвэр гаргаснаар Засгийн газар Сонгуулийн тухай хуулийн дараах заалтуудыг зөрчсөн гэсэн юм. Сонгуулийн тухай хуулийн
- 3.1.102 “эд мөнгөөр татах”,
- 3.1.11 “Сонгогчдын саналыг худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа, явуулах”
- 70.1 “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын санал татах … аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”
- 70.1.8-д “хишиг, хувь, хувьцаа өгөх … зэргээр амлалт өгөхийг хориглоно”
- 70.5.10-д “сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан … халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн … мөнгө … тараах … олгох”
- 70.5.14-д “сонгогчийн саналыг татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох, олгохоор амлах”
- 70.5.16-д “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн, бусад аливаа үйлд эл, үйл ажиллагаа явуулах” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэжээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын сонгуулийн 53 дугаар тойрогт нэр дэвшсэн. Иймд тэрээр сонгуулийн сурталчилгааны явцад мөнгө, хувьцаа тараах, амлах нь хориотой гэж Нийслэлийн ИЗНН нам үзэж байгаа юм.
Харин Монголын үнэт цаасны арилжаа эрлэгчдийн холбоо Засгийн газрыг дараах хууль тогтоомжийг зөрчсөн гэж мэдэгдсэн юм.
gogo.mn