Өнөө өглөө Улаанбаатар хотод эхэлсэн Ази Европын дээд хэмжээний уулзалтад оролцохоор дэлхийн 51 орны улс төр болон бизнесийн 4500 гаруй төлөөлөгчид манай улсад ирсэн. АСЕМ-ын эдгээр зочид төлөөлөгчдөд БНСУ-аас оруулж ирсэн цоо шинэ 43 автобусаар үйлчилж байна. Тодруулбал, АСЕМ-ын албан ёсны хурал болон баяр ёслол гэх мэт бүхий л арга хэмжээнд эдгээр шинэ автобусуудаар үйлчилж байгаа аж. Түүнчлэн хот хоорондын нийтийн тээвэрт мэргэшсэн 50 жолооч ажиллаж байгаа юм. АСЕМ-ын уулзалт дууссаны дараа эдгээр автобусуудыг хот хоорондын нийтийн тээврийн хувийн компаниудад худалдах юм байна. Ингэхдээ Солонгосын Экзим банкны зээлээр 10 хүртэлх жилийн хугацаатай зээлээр олгох ажээ.