ХЗДХ-ийн сайдад нэр дэвшигчийн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцууллаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэрийн хэрэг гэгч айхавтар зүйлийн үнэн бодит байдлыг илрүүлэх чухал ажил дээр та очиж байна гэсээр үгээ эхэлж шинээр томилогдох сайдад амжилт хүссэн юм.
Мөн туршлагатай хуульч Д.Лүндээжанцан гишүүн долоо хоногт 168 цаг ажиллахаар бэлтгэгдсэн байж энэ их ажлын ард гарна шүү гэдгийг анхааруулав. Бичмэл хуулийг амьдралд хэрэгжүүлж чадвал гол үүрэг чинь тэр. Энэ дөрвөн жилийг хууль хэрэгждэг дөрвөн жил болго гэсэн гол даалгаврыг өгсөн нь жинтэй туссан юм.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Бүх бизнес хүнд байдалд байна. Танай салбар мэргэжлийн онцгой салбар. Улстөржилтөөс хол байх ёстой” гэв. Гишүүн М.Оюунчимэг “Эдийн засагч хүн хууль зүйн салбарыг удирдах болсон нь таатай байна. Учир нь өмнөх Засгийн газрын үед 9 тэрбумаар аж ахуйн нэгжүүдийг торгох шийдвэрийг олж хараад засч залруулж байсанд талархдаг” хэмээсэн.
Хуульзүй, дотоод хэргийн сайдаар С.Бямбацогтыг нийт гишүүдийн 94.9 хувийн саналаар томиллоо.
Т.Ану
zaluu.com